Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын агентлагийг (UNRWA) Израил болон тус улсын хяналтад байгаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуулийн төслийг Израилын парламент /Кнессет/ даваа гаригт олонхын саналаар баталжээ.
Израилын эрх баригчид тус байгууллагыг Палестины хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүд, тэр дундаа АНУ болон Европын Холбоонд террорист байгууллага гэж тодорхойлсон ХАМАС бүлэглэлтэй хамтран ажиллаж байна гэж өмнө нь удаа дараа буруутгаж байсан юм. UNRWA, ХАМАС хамтран ажиллаж буйг нотлох баримтуудыг Израилын тал НҮБ-д танилцуулсан байна.
Израилын парламент хоёр хуулийн төслийг баталжээ. Эхний төсөлд UNRWA-г Израилд шууд болон шууд бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан бол хоёр дахь нь Израил, UNRWA-гийн хооронд 1967 онд байгуулсан гэрээг цуцлах тухай ажээ.
Кнессетийн Батлан хамгаалах, гадаад хэрэг эрхэлсэн хорооны дарга Йоэл Эдельштейн мэдэгдэхдээ, НҮБ-ын байгууллагын үйл ажиллагаа нь "Палестины дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэдэггүй, харин тэдний асуудлыг мөнхийн болгоход чиглэдэг" гэжээ.
UNRWA-ийн тэргүүн Филиппо Лаззарини Кнессетийн шийдвэртэй холбогдуулан мэдэгдэхдээ "энэ бол урьд өмнө байгаагүй, аюултай жишиг" бөгөөд НҮБ-ын Дүрэмтэй зөрчилдөж, олон улсын хуулиар хүлээсэн Израилын үүргийг зөрчиж байна гэжээ. Ийм шийдвэр нь палестинчуудын зовлонг улам л нэмэгдүүлнэ гэж тэрбээр хэлсэн байна.
The Jerusalem Post