Баку хотноо болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын COP29 бага хуралд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохгүй гэж нэгэн эх сурвалж Азербайжан дахь ВВС-гийн товчоонд мэдээлсэн байна. Оросын тал уг хуралд “ерөнхий сайдын түвшинд оролцоно” гэдгийг эх сурвалж мэдээлсний зэрэгцээ Оросын ерөнхийлөгчид урилга илгээсэн гэдгийг дурджээ.
Үүний сацуу, НҮБ-ын энэхүү бага хуралд оролцох урилгыг илгээхдээ зохион байгуулагчдын /эл тохиолдолд – Азербайжаны засгийн газар/ зүгээс ялгавартай хандлага гаргадаггүй гэдгийг эх сурвалж хэлсэн байна. Энэ долоо хоногт Украины тал барууны орнуудад хандан, Путин Бакугийн бага хуралд оролцох аваас уг дээд хэмжээний уулзалтыг бойкотлохыг уриалсан байна.
Европын Холбоонд суугаа Украины элчин сайд Всеволод Ченцов Америкийн “Politico” сонинд ярилцлага өгөхдөө “хэрвээ Путин ирвэл түнш орнууд бага хуралд оролцохгүй гэдгээ тодорхой мэдэгдэх хэрэгтэй” гэсэн байна. Харин 15-ны өдөр Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэхдээ, Бакугийн бага хуралд В.Путин оролцох эсэх талаар одоогоор шийдвэр гараагүй гэдгийг дурдаад “Орос улс энэ хуралд оролцох нь мэдээж” гэснийг РИА Новости агентлаг мэдээллээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 29 дүгээр бага хурал /COP29/ 11 дүгээр сарын 11-нээс 22-ны өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотноо болно. В.Путиний хувьд, тэрбээр энэ оны зун Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар тус улсад айлчилсан билээ.
Өнгөрсөн онд Арабын Нэгдсэн Эмират улсад болсон НҮБ-ын COP28 бага хуралд Оросын төрийн тэргүүн оролцоогүй юм.