Энэ сарын 13-17-нд Москва хотод БРИКС-ийн Хэвлэл мэдээллийн VII саммит болж өндөрлөлөө. Саммитын үр дүн юу байв?
Глобал өмнөдийн 45 орны 60 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн тэргүүлэх мэргэжилтнүүд болон БРИКС-тэй хамтын ажиллагаа тогтоох хүсэлтэй улс орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцсоныг юун түрүүн онцолъё.
БРИКС-ийн Хэвлэл мэдээллийн форумын Гүйцэтгэх тэргүүлэгч, Хятадын “Синьхуа” агентлагийн Ерөнхий захирал Фу Хуа саммитад хэлсэн үгэндээ “Өнөөгийн дэлхий сүүлийн 100 жил байгаагүй их өөрчлөлтөд орж байна, тэр хэрээр ерөнхий удирдлагын тогтолцоо амаргүй сорилттой тулгарч байна” хэмээн онцлон тэмдэглэсэн. Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалд БРИКС-ийн орнууд тодорхой шийдэл гаргаж байгаагаараа нийт дэлхийн хөгжил, цэцэглэлтэд идэвхтэй хувь нэмрээ оруулж байгааг тэрбээр бас тэмдэглэлээ.
Хоёрдугаарт, БРИКС-ийн арга хэмжээнүүдэд гадаад улсын оролцоо, төлөөлөл өндөр байгаа нь БРИКС барууны эсрэг байгаагаа нээлттэй зарлаж байгаа хэрэг гэсэн санаа саммитын үеэр нэг бус удаа гарлаа. ОХУ БРИКС-ийг даргалж буй энэ үед гишүүн орнуудын хэвлэл мэдээллийнхний хамтын ажиллагааны шинэ формат бий болж, энэхүү форматад оролцохыг улс орнууд хүсч байна.
Дэлхий нийтэд өрнөж байгаа геополитикийн өөрчлөлт нь улс орнуудыг Барууны түрэмгий бодлогын эсрэг нэгдэх сэдэл рүү түлхэж байгааг саммитад оролцогчид илэрхийлж байлаа. Баруунд үүсэн бий болсон байгууллагын дийлэнх нь цэргийн эвслүүд байна. Эдгээр эвсэл, байгууллага болон тэдэнд харъяалагддаг хэвлэл мэдээлэл болон шинжлэх ухааны байгууллагуудыг ухуулга, сурталчилгааны зорилгоор ашиглаж байна. Харин БРИКС нь олон талт стратегийн түншлэлийн байгууллага бөгөөд улс төр ба аюулгүй байдал, эдийн засаг ба санхүү, соёл ба хүмүүнлэгийн харилцаа гэсэн гурван үндсэн тулгуурт суурилж байна.
Энэ бүхний үр дүн болгож саммитын үеэр барууны худал суртал ухуулгын эсрэг хэрхэн ажиллах загварыг бий болголоо. Барууны, тэр дундаа Украины, Их Британийн, Европын орнуудын илт худал суртал ухуулга нь Оросын цэргийн тусгай ажиллагааны талаарх худал мэдээллийг тараахыг оролдож байгаа.
Гуравдугаарт, ОХУ-ын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова саммитын үеэр Орос болон бусад улс орон хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлд хүчин чармайлтаа нэмэгдүүлж, энэ салбар бие даасан, хараат бус байх, барууны “үнэт зүйлс”-ийн эсрэг зогсох чадалтай болгох хэрэгтэй байна хэмээн мэдэгдлээ.
“Мэдээллийн технологийн шийдлүүдийг үзэл суртлын өнгө аястай болгосноор бид нийгмийг мөн тэр чиглэлд аваачих нь гарцаагүй. Тиймээс өөрийн гэсэн, түүх-соёл, ёс суртахууны зөв гольдрилтой хиймэл оюун ухааны загварыг бий болгоход хүчээ нэгтгэх нь чухал байна” хэмээн Мария Захарова онцлон тэмдэглэлээ.
Барууны сурталдаж буй “нэг хүйсийн гоо зүй”-г Захарова жишээ болгон эш татлаа. Эрэгтэй, эмэгтэй хүйсийн хоорондох ялгааг арилгасныг эхэндээ хэвийн хэмээн хүлээн авсан, гэтэл энэ нь хүйсийг устгах процессийн дамжлага зурвас үе байсан. “Дараа нь энэ нэг хүйсийн дүр хэдэн 10, дараа нь хэдэн 100 хиймлээр бий болгосон дүрд шингэсэн. Энэ процесс сууриараа сүйтгэгч хүчтэй байсан. Энэ процесс хүний нийгмийг сүйрэл рүү хөтөлнө. Тиймээс аль ч улс орон хиймэл оюун ухааны тухайд бие даасан, хараат бус байх нь чухал бөгөөд ингэснээр хэдэн мянган жил бий болгосон өөрийн танигдахуй болон уламжлалаа хадгалж үлдэнэ,” хэмээн Захарова хэллээ.
Саммит өндөрлөхөд оролцогчид санал нэгтэйгээр төгсгөлийн баримт бичиг болох Мэдэгдлийг баталлаа. Мэдэгдэлд дурдсанаар “БРИКС-ийн гишүүн орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь өөр өөрийн нөөц боломжоо ашиглан олон туйлт, шударга дэлхийг цогцлооход хамтран ажиллана. Цогцлоон бий болгох олон туйлт, шударга дэлхий нь зарчимч, эрх тэгш, тусгаар байдлыг хүндэтгэсэн, бусдын хэрэгт оролцохгүй байх, аюулгүй байдлыг хуваан эзэмшихгүй байх зэрэг олон улсын эрх зүйн нормд суурилсан" байх юм.
Олон улсын яриа хэлцээг дэмжин бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг өндөр гэдгийг Мэдэгдэлд онцлон дурдаж, ач холбогдол өгчээ. Тиймээс саммитад оролцогчид БРИКС болон БРИКС+ механизмын хүрээнд бүхий л талаар хамтран ажиллахаар тохиролцож, объектив сэтгүүл зүйн зарчмуудыг сахин мөрдөж, худал мэдээлэлтэй хамтын хүчээр тэмцэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
О.Мөнх