Халуун орны ой, гол мөрнүүдийг хамгаалахын тулд Хондурасын хойд нутагт уул уурхай, усан цахилгаан станцын төслүүдийг эсэргүүцэж байсан байгаль орчныг хамгаалагч идэвхтэн Хуан Лопез амиа алдсан тухай цагдаа нар ням гарагт мэдэгджээ.
Хуан Лопезыг бямба гаргийн шөнө машинтайгаа сүмээс гэр рүүгээ явж байхад нь хэд хэдэн этгээд буудан хөнөөсөн гэж нэрээ нууцлахыг хүссэн цагдаагийн албан тушаалтан Ройтерс агентлагт мэдээлсэн байна. Х.Лопез нь Атлантын далайн эрэг дагуу орших Токоа хотын байгаль орчны байгууллага болох Нийтийн эд хөрөнгийг хамгаалах хороонд ажилладаг байжээ.
Өнгөрсөн онд уг хорооны гурван гишүүн амиа алдсан хэрэг гарч байсан бөгөөд тус байгууллага өшөө хонзон авсан үйлдэл гэж үзэж байжээ. Хондурас нь идэвхтнүүдийн хувьд хамгийн аюултай улсуудын нэгд тооцогддог. Энэ хороо нь уул уурхай, усан цахилгаан станцууд нэмэгдэж буй энэ үед Гуапинол, Сан-Педро голууд болон Карлос Эскалерасын байгалийн нөөц газрыг хамгаалах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтынхаа улмаас олон жилийн турш заналхийлэл, дарамтад өртөж иржээ.
“Бид тодорхой бөгөөд эцсийн хариултыг шаардаж байна, одоогийн Засгийн газар манай хамтран зүтгэгч Хуан Лопесын амь нас хохирсон явдлын хариуцлагыг хүлээх ёстой” гэж идэвхтнүүд олон нийтийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Өнгөрсөн 10 дугаар сард Америк хоорондын Хүний эрхийн комиссоос Х.Лопез зэрэг уг хорооны 30 гишүүн болон тэдний хууль ёсны төлөөлөгчдөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж, Хондурасын засгийн газарт хамгаалах механизмаа бэхжүүлэхийг уриалжээ.
Тус комиссоос мэдээлснээр, Х.Лопез дээрэмчдийн бүлэглэлийн гишүүн, орон нутгийн бизнес эрхлэгч, уул уурхайн компанийн төлөөлөгч зэрэг хүмүүс өөрт нь заналхийлсэн тухай мэдүүлсэн байна. Зургаадугаар сараас хойш гэрийнх нь ойролцоо мотоцикл унасан хоёр эрэгтэй харагдаж эхэлсэн гэж тус комисс мэдээлжээ.
Хондурас дахь НҮБ-ын суурин зохицуулагч Алис Шакелфорд мэдэгдэхдээ, Х.Лопез байгаль орчны хамгаалахаар тэмцсэнийхээ төлөө аюул заналхийлэлд өртсөөр ирснийг дурдаад, энэ аймшигт аллагыг бид зэмлэн буруушааж байна гэв. Их Британийн Global Witness байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн онд дэлхий даяар амиа алдсан байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдийн 85 хувь нь Латин Америкийн орнуудад амиа алджээ. Хондураст 18 хүн нас барсан байна.