Ням гаригийн үдээс хойш АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын эзэмшлийн Флорида дахь гольфын клубт буун дуу гарсныг түүний сонгуулийн штаб болон хамгаалалтын албаныхан мэдээлжээ. Трампын аминд халдах оролдлого гарсан байж болзошгүй гэж Холбооны Мөрдөх Товчоо үзсэн байна.
Ерөнхийлөгч асан эсэн мэнд байгаа бөгөөд Райан Уэсли Рут гэгчийг сэжигтнээр баривчилжээ. Өчигдөр 14:00 цагийн үед Флоридагийн Уэст Палм Бич дэх Trump International Golf Club-ийн хашааны завсраар AK-47 маягийн автомат буу бутан дундаас цухуйж байхыг хамгаалалтын албаныхан илрүүлсэн бөгөөд ерөнхийлөгч асан буунаас 300-400 метр орчим зайд байсан байна.
Хамгаалалтын албаныхан сэжигтэн рүү дөрвөн удаа гал нээхэд тэр буу, үүргэвч зэрэг эд зүйлсээ орхиод хар өнгийн Nissan үйлдвэрийн автомашинаар зугтжээ. Палм Бич дүүргийн цагдаагийн газар Флорида даяар түгшүүр зарласны үр дүнд сэжигтнийг Мартин дүүргийн цагдаагийн офицерууд зам дээр саатуулжээ.
Хоёр сар орчмын өмнө Пенсильвани хотод болсон сонгуулийн арга хэмжээний үеэр Трампын амь насанд халдах оролдлого мөн гарч байв. Тухайн үед ерөнхийлөгч асан баруун чихэндээ шархдсан байлаа.
Ерөнхийлөгч Жо Байден болон Ардчилсан Намын нэр дэвшигч Камала Харрис нар дээрх халдлагын талаар мэдээлэл авсныг Цагаан ордон баталсан байна. “Америкт хүчирхийлэл байх ёсгүй” гэж Харрис удалгүй Х хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: AFP