УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хоёр өдөр хаалттай хуралдсан. Ийн хуралдаанаар УЕП-аас гаргасан хүсэлтийг дэмжих боломжгүй гэж үзсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Батсуурь, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Тэрээр “Гишүүдийн бүрэн эрхийг түдгэзүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой юм байна. Улсын Ерөнхий прокурор албаны нууцын тамгатайгаар УИХ-д хүсэлтээ ирүүлсэн учраас нээлттэй хэлэлцье гээд ч хуулиар боломжгүй байгаад байна. Хаалттай байдлаас үүдэж хардлага (хулгайчийг хаацайлж буй эсэх, хилсээр хонгилдож буй эсэх) даамжраад байна. Миний итгэл үнэмшлээр тэнд ард түмнээс нууцлаад байх зүйл алга. Хэрэг хийсэн гэх үйл баримт харагдахгүй байвал хүний нам байсан ч хонгилдуулахгүй хамгаална.
Хэрэг хийсэн гэх үйл баримт байвал өөрийн нам байсан ч хамгаалж хаацайлахгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Хаалттайгаар хэлэлцчихээр нээлттэй байр суурь илэрхийлэх эрх хязгаарлагдаж байна. Юм ярихаар өөрөө ял шийтгэгдчих болохоор. Ард түмэн ба ард түмний төлөөллийн дээд байгууллага-УИХ-ын итгэлцлийг үгүй хийх ийм сөрөг дагавартай учраас цаашид Ерөнхий прокурор нууцаар биш илээр асуудлаа оруулж ирж байх ёстой юм байна" гэв.