ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны сүүлээр Индонезид болох "ИХ 20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа аж. "ИХ 20"-ийн бүлэгт ОХУ-ыг орохыг хориглож магадгүй гэсэн зарим гишүүдийн саналыг Орос эсэргүүцэж, лхагва гаригт Бээжингээс үнэтэй дэмжлэг авлаа.
АНУ болон түүний барууны холбоотнууд Оросыг "ИХ 20" эдийн засгийн бүлэгт багтах эсэх талаар дүгнэлт хийж байна гэж хэлэлцүүлэгт оролцсон эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлжээ.
Гэхдээ Оросыг оруулахгүй байх аливаа алхамд бүлгийн бусад гишүүд хориг тавьж магадгүй бөгөөд энэ нь зарим улс "ИХ 20"-ийн уулзалтыг алгасах магадлалыг нэмэгдүүлэх болно гэв.
Индонезид суугаа ОХУ-ын Элчин сайд Людмила Воробьева "Путин ирэх 11-р сард болох дээд хэмжээний уулзалтад оролцохоор Индонезийн Бали арал руу аялах бодолтой байгаа" гэж мэдэгдэв.
Элчин сайд Людмила Воробьева хэвлэлийн бага хурал дээр "Энэ нь олон, олон зүйлээс шалтгаална, тэр дундаа ковидын нөхцөл байдал сайжирч байна. Одоогоор түүний зорилго энэ. Тэр хүсч байна" гэв. Оросыг "ИХ 20"оос гаргах боломжтой гэсэн саналын талаар асуухад тэрээр "Энэ бол Украины асуудлыг бус эдийн засгийн асуудлыг хэлэлцэх форум" гэсэн байна.
Мөн тэрээр "Мэдээж Оросыг ийм форумаас хөөх нь эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй. Харин ч Оросгүйгээр үүнийг хийхэд хэцүү байх болно" гэв.
ОХУ-ын түрэмгийллийг буруушаалгүй, барууны хориг арга хэмжээг шүүмжилсэн Хятад лхагва гаригт Москваг хамгаалж, Оросыг "чухал гишүүн" гэж нэрлэсэн байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com