Барууны орнууд Ерөнхийлөгч Владимир Путиныг Украинд аймшигт дайн хийсэн хэргээр шийтгэх шинэ арга зам хайж байгаа тул энэ долоо хоногт АНУ тэргүүтэй бусад орнуудын нэгдсэн Оросын газрын тосны хоригт Европын холбоо нэгдэх асуудлыг авч үзнэ.
ЕХ-ны удирдагчид энэ онд Оросын байгалийн хийн хэрэглээг 66 хувиар бууруулах амлалт өгсөн. Одоо үүсээд буй онцгой нөхцөл байдалтай уялдуулаад тэд бүс нутгийнхаа хамгийн том газрын тос нийлүүлэгчтэйгээ хийн хоолой болон эрчим хүчний сувгаар холбоотой байх эсэхээ хэлэлцэнэ. Пүрэв гаригт ЕХ, НАТО болон G7-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Европт айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэдэнтэй нэгдэнэ.
Европын холбооны тэргүүн дипломатч хэлэхдээ, тус холбоо ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахад бэлэн байгаа ч ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын даваа гаригт болсон хурлаас эрчим хүчийг тусгайлан чиглүүлэх эсэх талаар ямар ч шийдвэр гараагүй байна.
ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл сэтгүүлчдэд хэлэхдээ "Өнөөдөр энэ чиглэлээр шийдвэр гаргах өдөр биш байсан тул ямар ч шийдвэр гаргаагүй, гэхдээ энэ болон бусад боломжит арга хэмжээг сайд нар шинжлэх ёстой юм" гэж мэдэгдэв.
Оросын эрчим хүчний импортын асуудлыг янз бүрийн гишүүн орнууд хөндөж, "энэ талаар сонирхолтой санал, мэдээлэл солилцсон байгаа" гэж тэр нэмж хэлэв.
Хэрвээ ийм төрлийн хориг арга хэмжээ авбал ОХУ-ын Европ дахь эрчим хүчний хамгийн том хэрэглэгч Герман, болон Унгар, Итали зэрэг удаах байгалийн хийг их хэмжээгээр худалдан авдаг бусад улс орнуудад ихээхэн дарамт, ачаа ирэх болно.
Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок тус улс Оросоос хараат байдлаа зогсоохоор "бүх хурдаараа ажиллаж байна" гэвч ЕХ-ны бусад орнуудын нэгэн адил Оросын нефтийг өдөр бүр худалдан авахаа зогсоож чадахгүй байна гэжээ.
Тэрээр "Хэрэв бид чадах байсан бол үүнийг автоматаар хийх байсан" гэж хэлэв.
Өнгөрсөн долоо хоногт эрэлт буурч байгаа тул Орос улс ирэх сараас эхлэн түүхий нефтийн олборлолтоо 30 хувиар бууруулахаас аргагүйд хүрч магадгүй гэж мэдэгдсэн.
Канад, АНУ, Их Британи, Австрали улс Оросын нефтийн импортыг аль хэдийн хориглосон нь Оросын экспортын 13 орчим хувийг эзэлж байна. Мөн томоохон нефтийн компаниуд болон дэлхийн банкууд довтолгооны дараа Москватай харьцахаа болих алхам нь Оросыг түүхий нефтээ асар их хөнгөлөлттэй үнээр санал болгоход хүргэж байна.
Дэлхийн тэргүүлэгч өндөр хөгжилтэй орнуудын эрчим хүчний хангамжийг хянадаг Парист төвтэй ОУЭА-аас Оросын олборлолт өдөрт 3 сая баррелиар буурч магадгүй гэж мэдэгджээ. Тус мэдэгдэлд "Дэлхийн зах зээлд гарч болзошгүй алдагдлын үр дагаврыг дутуу үнэлж болохгүй" гэж дурджээ.
Б.Бүжлхамаа
www.msn.com