Украин руу түрэмгийлсэнтэй холбогдуулан Япон улс ОХУ-д хориг арга хэмжээ авсан байгаа билээ. Үүнээс улбаалан Орос Японтой байгуулсан энхийн хэлэлцээрээс гарч, маргаантай Курилын арлуудтай холбоотой хамтарсан эдийн засгийн төслүүдийг царцаажээ.
Тэгвэл энэ мягмар гаригт Япон улс ихэд эгдүүцэн өнгө аястай мэдэгдэл хийлээ.
Дэлхийн II-р дайны төгсгөлд ЗХУ-ын эзлэн авсан арлуудын асуудлаар Орос, Япон хоёрын дайсагнал албан ёсоор дуусгаагүй байгаа юм.
Эдгээр арлуудыг Орост Курилын арлууд, Японд хойд нутаг гэж нэрлэдэг аж.
Япон ОХУ-ын 76 хувь хүн, долоон банк болон бусад 12 байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авч, хамгийн сүүлд баасан гаригт батлан хамгаалахын албаныхан болон түүний төрийн өмчит зэвсэг экспортлогч Рособоронекспортыг хоригт хамруулсан байна.
Орос улсын Гадаад хэргийн яам даваа гаригт "Одоогийн нөхцөлд Орос улс Японтой энхийн гэрээ байгуулах хэлэлцээг үргэлжлүүлэхгүй" гэжээ.
Харин Японы Ерөнхий сайд Фумио Кишида ОХУ-ын шийдвэрийг эрс эсэргүүцэж "Манай улсын эрх ашгийг хохироосон шударга бус, бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй асуудал" гэж мэдэгдлээ.
Тэрээр "Энэ бүх нөхцөл байдлыг Орос Украин руу довтолгосноор бий болгосон. Орос улс даамжраад Япон-Оросын харилцаанд ингэж хайхрамжгүй хандаж байгаа нь туйлын шударга бус бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энхийн гэрээ байгуулах гэсэн Японы хандлага өөрчлөгдөөгүй, бас Оросын шийдвэрийг эсэргүүцсээр байна" гэсэн юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com