ОХУ-ын шүүхээс Facebook, Instagram, WhatsApp сүлжээг эзэмшдэг “Meta” компанийг экстремист буюу хэт даврагч байгууллага гэж үзэж, ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг нь хоригложээ.
Гэхдээ энэхүү шийдвэрт “WhatsApp” мессенжер хамаарахгүй юм байна.
Шүүхийн шийдвэр тэр даруй хүчин төгөлдөр болжээ.
ОХУ-д “Meta”-г хориглосон тохиолдолд “Facebook”, “Instagram” хэрэглэгчид эдгээр сүлжээг үргэлжлүүлэн ашиглавал шийтгэл хүлээхгүй гэдгийг тус улсын Ерөнхий прокурорын газрын төлөөлөгч шүүх хурлын үеэр тодотгосон байна.
Мөн Facebook, Instagram-д Оросын цэргүүдийн эсрэг хүчирхийлэлд уриалан дуудсан мэдэгдэл, пост нийтлэхийг зарим орны хэрэглэгчдэд түр хугацаагаар зөвшөөрсөн нь тодорхой болсны дараа ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас Meta Platforms Inc компанийг хэт давруу үзэлтнүүдийн байгууллагад тооцохыг шаардсан нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэлийг Москвагийн Тверской дүүргийн шүүх даваа гаригт хэлэлцсэн байна.
Meta Platforms корпорац шүүх хурлыг хойшлуулж, Ерөнхий прокурорын газрын өргөдлийг хэлэлцэхээ зогсоохыг Тверской дүүргийн шүүхээс хүссэн боловч татгалзсан хариу авчээ.
Эх сурвалж: montsame.mn