ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж, энхийн хэлэлцээ хийхээр болсон тухай “Daily mail” мэдээлжээ. Анх мөргөлдөөн эхэлснээс хойш /хоёрдугаар сарын 24/ хоёр талын дипломат төлөөлөгчид хэдэнтээ уулзсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул төрийн тэргүүнүүд биечлэн уулзахаар болсон гэв.
Мариуполь хотын энгийн иргэд орогнож байсан урлагийн сургууль, театрын барилга Оросын бөмбөгдөлтөд өртсөний дараа ерөнхийлөгч Зеленский Путиныг "дайны гэмт хэрэг үйлдсэн" хэмээн буруутгасан. Мөн Украин төдийгүй барууны орнууд Путиныг ямар ч шалтгаангүйгээр түрэмгийллийн дайн эхлүүлсэн гэж үзэж буй.
НҮБ-ын Хүний эрхийн албанаас мэдээлснээр, өнгөрөгч баасан гаригийн байдлаар Украинд 847 иргэн амиа алдаж, 1399 хүн шархадсан байна. Нас барагсдын 112 нь хүүхэд байсан гэж Украины Ерөнхий прокурорын газраас мэдээлжээ.
Эх сурвалж: DAILY MAIL