Украин дахь дайн даамжирч байгаа энэ үед АНУ болон Барууны орнууд Ерөнхийлөгч Владимир Путины гол холбоотон болох Оросын олигархиудыг онилж байна.
Эдгээр тэрбумтнуудын нуугдмал хөрөнгийг царцаах, хураах амаргүй.
Тэгвэл АНУ-д Хууль зүйн яаманд Klepto Capture гэх шинэ баг байгуулагджээ. Энэ ажлын хэсэг нь Оросын засгийн газарт энэхүү шударга бус дайныг үргэлжлүүлэх боломжийг олгосон гэх хүмүүсийн хөрөнгийг мөрдөн мөшгих зорилготой аж.
Бусад улс орнууд ч мөн адил хориг арга хэмжээ авч байгаа. Франц, Герман, Япон, Их Британи бүгд тэрбумтнуудын дарвуулт онгоц гэх мэт хөрөнгийг хураах, эсвэл тэдэнтэй бизнесийн харилцаа холбоо тогтоохыг хориглох төлөвлөгөөгөө зарлаж, хоригийн жагсаалтад оруулсан байна.
Оросын хамгийн алдартай олигархуудын нэг Роман Абрамович өөрийн Челси хөлбөмбөгийн клубээ зарах гэж байгаа. Түүний энэ үйлдлийг Английн хууль тогтоогчид Оросын баячуудад чиглэсэн шинэ хууль батлахаар шилжсэнтэй холбоотой гэж дүгнэжээ.
Урлагийн ертөнцийн хувьд Оросын хамгийн баян хүмүүсийн нэг Владимир Потанин Гуггенхаймын музейн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн албан тушаалаасаа буужээ. Оросын супер од сопрано Анна Нетребко Путинээс зайгаа барих компанийн шаардлагыг биелүүлээгүй тул Метрополитан дуурийн театрт дахин тоглохгүй болжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com