Өнгөрөгч мягмар гаригт буюу Гуравдугаар сарын 1-ны өдөр Төв талбай дээр болсон #NoWar дайныг эсэргүүцсэн тайван жагсаал Оросын талыг дэмжигч зарим иргэдтэй мөргөлдөж, цагдаагийн байгууллагын шаардлагаар өндөрлөсөн билээ.
Энэ талаар Ройтерс агентлаг сурвалжилсныг тоймлон хүргэж байна.
Оросууд Украин руу нэвтэрч, Барууны орнууд Москвагийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авсан нь далайд гарцгүй Монгол Улсыг эдийн засаг, дипломатын хувьд хүнд байдалд оруулаад байгаа бөгөөд тэдний зүүн, баруун хоёрыг тэнцвэржүүлэх нарийн үйлдэл нь эвдэрч болзошгүйг шинжээчид анхааруулж байна.
Мягмар гаригт Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд цөөн тооны жагсагчид цугларч, Украин дахь байлдааны ажиллагааг зогсоохыг уриалахуйд Оростой дайсагналцахаас болгоомжилж буй иргэдтэй тулгарлаа.
ЗХУ-ын хэдэн арван жилийн ноёрхлын дараа 1990 онд ардчилсан шилжилтийг туулж, одоо Хятад улсын ноёрхол улам бүр өсөн нэмэгдэж буйд санаа зовож байгаа тус улс сөргөлдөөн дуэд байна.
Хойд талаараа Орос, урд талаараа Хятадаар хүрээлэгдсэн Монгол Улс улс төрийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх зорилготой Япон, Өмнөд Солонгос, АНУ зэрэг холбоотнуудаа "гуравдагч хөрш"-ийн бодлогоор харилцаагаа хөгжүүлж өөрийн улс төрийн тусгаар тогтнолыг бэхжүүлж ирсэн ч эдийн засгийн хувьд хоёр аварга хөршөө түшиглэсээр байна.
Монгол Улсын Төв банкы гадаад худалдааны дийлэнх нь Оросын банкуудаар дамждаг бөгөөд газрын тосны бараг бүх нөөцөө одоо олон улсын тусгаарлалтад нүүрлэсэн хойд хөршөөсөө авдаг гэдгийг энэ долоо хоногийн эхэнд мэдээлсэн.
Банкны ерөнхийлөгч Б.Лхавгасүрэн төлбөр хийх боломжгүй, Европоос хүнс, өргөн хэрэглээний барааны нийлүүлэлт мөн тасалдсаныг анхааруулсан юм.
Монголын улс төр судлаач, санал асуулга судлаач С.Лувсандэндэв "Бид Оросоос хэт хамааралтай байгаа бөгөөд энэ нь зөвхөн бензин төдийгүй олон талаараа бидэнд нөлөөлнө” гээд "Монгол Улс Оросын ханган нийлүүлэгчдээс их хэмжээний үр тариа авдаг" гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн тэрээр "Манай банкууд Оросын банкуудаар дамжуулан шилжүүлэг хийдэг тул SWIFT нь манай импорт, экспортын үйл ажиллагаанд ч нөлөөлнө" гэв.
САНДВИЧ
Украины хямрал хөрш орнуудынхаа сүүдрээс зугтах боломжгүй Монголын олон жилийн хүчин чармайлтыг сүйтгэж болзошгүй юм.
Эдийн засагч Ч.Отгочулуу "Далайд гарцгүй, хоёр аварга орны дунд хавчуулагдсан манайх шиг улсын хувьд эдийн засаг хилийн худалдаанд тулгуурладаг. Ямар ч байсан нөхцөл байдал хурцадмал байна. Одоо энэ дайн Монголын эдийн засгийг улам хүндрүүлнэ" гэлээ.
Герман улс “Хойд урсгал-2” хийн хоолойг цуцлах шийдвэр гаргасны дараа Монгол Улс ч мөн ОХУ-ын эрчим хүчнээс хамааралтай, улам бүр дорно зүг рүү чиглэсэн эдийн засагт стратегийн чухал ач холбогдолтой болох төлөвтэй байна.
“Сибирийн хүч-2” гэгддэг Оросын 50 тэрбум шоо метр байгалийн хийг Хятадад нийлүүлэх үндэстэн дамнасан хий дамжуулах төслийн Монгол дахь хэсгийг барих гэрээнд Монгол Улс энэ долоо хоногт гарын үсэг зурлаа.
Монгол Улс ихэвчлэн геополитикийн маргаанаас хол байхыг хичээдэг. Өнгөрсөн жил эсэргүүцлийн жагсаалыг намжаахын тулд Казахстан руу цэргээ илгээсэн ОХУ-ын шийдвэрийн талаар болон АНУ Афганистанаас цэргээ татах талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй.
Одоогийн байдлаар Украинд хийсэн халдлагын талаар чимээгүй байгаа бөгөөд лхагва гаригт Оросын цэргийг гаргахыг шаардсан НҮБ-ын тогтоолд түдгэлзсэн 34 орны нэг нь юм.
Бритиш Колумбын их сургуулийн Монголын улс төр хариуцсан шинжээч Жулиан Диеркес “Одоогийн удирдлага нь Путин эсвэл Ши Жиньпингийн өдийг хугаслах дургүй. Гэвч энэ нь улам бүр туйлширч буй геополитикийн мөргөлдөөнд нэг талыг барьж, ялангуяа Европ болон Барууны орнуудад гадуурхагдсан Москва зүүн зүг рүү эргэвэл дарамтанд орж болзошгүй юм.
Орос улс Монголыг бухимдуулахын тулд үнэхээр хангалттай анхаарал хандуулаагүй гэж би боддог байсан, гэхдээ өнөөгийн нөхцөлд тийм биш байж магадгүй" гэв.
Украин гэх мэт асуудлаар Монгол улс аль нэг талд орохоос аргагүйд хүрэх тусам АНУ, Япон зэрэг "гуравдагч хөрш"-ийг хөгжүүлэх замаар Орос, Хятадын эдийн засаг, улс төрийн нөлөөг тэнцвэржүүлэх стратегийн хувьд маневр хийх боломж хомсдох болно.
Эдийн засагч Ч.Отгочулуу "Гуравдагч хөршийн тухайд тэд бидний өвөрмөц байдлыг ойлгож байгаа гэж найдаж байна. Монгол Улс нийтлэг эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэдэг. Гэвч эдийн засаг нь бие дааж чадахгүй байна” гэсэн юм.
Б.Бүжлхамаа
www.reuters.com