Оросын арми стратегийн чухал ач холбогдолтой Херсон хотод лхагва гаригт нэвтэрсэн гэж хотын дарга нь мэдэгдэв. Энэхүү дайралт тус улсын өмнөд хэсгийн төлөөх тулалдааны чухал мөч байж магадгүй юм. Киев хотод дэлбэрэлт болж, Оросын цэргүүд Харьковыг бүслэсээр байна.
Нөхцөл байдал хүндрэх тусам Европын Холбоо Украины бүх дүрвэгсдэд бүрэн хамгаалалт олгох төлөвтэй байна. Өнгөрсөн пүрэв гаригт Оросын халдлага эхэлснээс хойш 870 мянга гаруй хүн дүрвэсэн гэж НҮБ мэдэгдэв.
Харьковын төв хэсэгт лхагва гаригт засгийн газрын байрыг пуужингаар цохиж, хотын хүнсний нөөц багассан байна. Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал хэлэхдээ, Оросын зэвсэгт хүчин Европын хамгийн том цөмийн эрчим хүчний үйлдвэр болох Запорожжя станцыг хяналтдаа авсан гэлээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен лхагва гаригт АНУ Оросын элитүүдийн хөрөнгийг “царцааж, хураана” гэж мэдэгдэв. Их Британийн хууль тогтоогчид "Челси"-гийн хөл бөмбөгийн клубыг удаан хугацаанд эзэмшиж байсан Роман Абрамовичийн эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардсан бөгөөд тэрээр мэдэгдэл хийхдээ багаа зарахаар шийдсэн гэж мэдэгджээ.
Путин Оросын алдагдсан нөлөөллийн бүсээ эргүүлэн авахыг эрмэлзэж байгаа тул Зүүн Европын орнууд ч мөн өсөн нэмэгдэж буй сүйрэлд санаа зовж байна.
Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Австрали улсууд Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авахаар тохиролцов. Гэвч Энэтхэг, Хятад хоёр ийм яриа хэлэлцээ хийхээс татгалзаж байна.
Oracle програм хангамжийн фирм Орос дахь бүх үйл ажиллагаагаа түр зогсоосон гэж мэдэгдэв. Мөн Apple ОХУ-д бүтээгдэхүүнээ борлуулахаа зогсоож, Оросын төрийн мэдээллийн хоёр сайтыг App Store-оос хасжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com