Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт орших хуучинсаг үзэлтэй Дэгү хотод өнгөрсөн жил 150 орчим лалын шашинтнууд сүм барьж эхэлжээ. Энэ үед оршин суугчид "террористуудын үүр"-ийг эсэргүүцэн цугларч, энэ сүм тус хэсгийг "гэмт хэрэг ихээр тархсан ядуусын хороолол" болгоно гэж мэдэгдэж байв.
Энэхүү маргаан нь Өмнөд Солонгост цагаачлал, олон үндэстний соёл иргэншлийн талаарх томоохон маргааны нэг хэсэг болж, хурцадмал байдал үүсгэсэн юм. Хэдийгээр тус улс соёлоо гадаадад амжилттай экспортолж байгаа ч Өмнөд Солонгосчууд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах зэвүүцлээ лалын шашинтнууд болон цагаачдад чиглүүлсэн хэвээр байна. Орон сууцны үнэ, нийгмийн хөдөлгөөний хомсдол, орлогын зөрүү нэмэгдэж байгаа нь хурцадмал байдалд улам бүр нөлөөлжээ.
Олон солонгосчууд өөрсдийн хандлагыг түүхээс иш татсанаар тайлбарладаг. Тэдний хэлснээр, солонгос үндэстэн олон зуун жилийн эзлэн түрэмгийллийн туршид газар нутаг, өвөрмөц онцлогоо хадгалсаар ирсэн ба цэвэр цусаа алдахаас цэрвэж байдаг аж.
Хүн ам зүйн хямралыг намжаахын тулд Өмнөд Солонгос цагаачлалыг дэмжсэн бөгөөд хөдөөгийн зарим эрчүүд гадаад эмэгтэйтэй гэрлэж эхэлсэн. Гэвч Засгийн газраас “олон үндэстний гэр бүл”-ийг дэмжих бодлого хэрэгжүүлэхэд ихээхэн эсэргүүцэлтэй тулгаржээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com