ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр орой барууны орнуудад шинэ заналхийллийг гаргаж, цөмийн зэвсэгт хүчнээ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тушаал гаргав.
Тодруулбал, Ерөнхийлөгч Путины ОХУ-ын батлан хамгаалах яамны сайд, зэвсэгт хүчний жанжин штабын дарга нартай уулзах үеийн яриаг телевизээр шууд дамжуулжээ.
Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэнтэй холбоотойгоор Барууны орнууд ОХУ-ыг дэлхийн тавцанд ганцаардуулах олон шаттай арга хэмжээ авч, хэд хэдэн хүчтэй хориг тавиад буй.
Харин үүний хариуд Ерөнхийлөгч Путин "Орос улс цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүллээ" хэмээв.
Түүний энэ үйлдлийг "ОХУ түрүүлж цөмийн цохилт өгөх тухай биш, зөвхөн өөрийгөө хамгаалах зорилготой" гэж ажиглагчид дүгнэж байна.
Европын Холбоо ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээгээ нэмэгдүүлсээр байгаа.
Тухайлбал, Украинд зэвсэг илгээх ажлыг санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Мөн Оросын нисэх онгоцнууд агаарын орон зайд нь нэвтрэхийг хориглож, Спутник, Russia Today суртал нэвтрүүлгийн сувгуудын үйл ажиллагааг Европын Холбооны нутаг дэвсгэрт цацахыг хориглосон юм.