ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр гомдол дүүрэн түүхэн мэдэгдэл хийлээ. Тэрээр "Москвагийн дэмжлэгтэй салан тусгаарлагчдын хяналтад байдаг Украины нутаг дэвсгэр болох Донецк, Луганск хотын тусгаар тогтнолыг Орос улс хүлээн зөвшөөрнө" гэв.
Барууны удирдагчид энэ алхамыг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Европ дахь хамгийн том мөргөлдөөнд хүргэж болзошгүй гэж эмээж байна.
Путин ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр АНУ болон түүний холбоотнууд Украиныг Оростой “сөргөлдөөний хэрэгсэл болгон” ашиглаж байна гэж буруутгасны дараа ийм шийдвэр гаргасан юм. Салан тусгаарлагчдын удирдагчидад Оросоос цэргийн тусламж хүсэх боломж олгож магадгүй бөгөөд энэ нь цэргийн довтолгоо хийх замыг засч магадгүй гэж анхааруулжээ.
Мөн даваа гаригт Оросын мэдээллийн хэрэгслүүд Украины арми дайралт хийсэн гэх тухай мэдэгдлийг цацаж, үүнийг Украины армийн удирдагчид няцаажээ. АНУ-ын эрх баригчид Оросын арми дайны шалтаг болгон өөрсдийн хүчин рүү хилс халдлага үйлдэнэ гэж олон удаа таамаглаж, мэдэгдэж байсан юм.
Энэхүү хурцадмал байдлыг дипломат арга замаар шийдвэрлэхэд улам л эргэлзээ төрүүлж байна. Ерөнхийлөгч Байден ням гаригт Путинтэй хийхээр төлөвлөж буй дээд хэмжээний уулзалтыг "зарчмын хувьд" зөвшөөрсөн боловч Цагаан ордны албаны хүмүүс ойрын өдрүүдэд ийм уулзалт хийх нь боломжтой, гэхдээ хэрэв Орос түрэмгийлээд эхэлчихвэл болохгүй гэж мэдэгджээ.
Нөхцөл байдал: Донецк, Луганскийн удирдагчдын мэдүүлсэн хил нь одоо тэдний хяналтад байгаа нутаг дэвсгэрээс хальж, Украины армийн хяналтанд байдаг хязгаараас хальж байна. Салан тусгаарлагчдын удирдагчид ОХУ-аас цэргийн тусламж авбал Украин үүнийг Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэж тайлбарлах бололтой.
Украин улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдаж, аюулгүй байдлаа баталгаажуулах, хямралыг сааруулах арга замын талаар хэлэлцэхийг хүсжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com