Өвлийн олимп болоход гуравхан долоо хоног үлдээд байгаа ч тамирчдын нислэгийн тасалбар худалдаанд гараагүй байна. Агаарын тээврийн компаниуд цагийн хуваарийг сольж, аяллын будлиан үүсгэж байгаа гэж мэдээллээ. Хятадад Ковидын дэгдэлт, тэр дундаа омикрон хувилбар хурдацтай тархаж тохиолдлууд нэмэгдэж байна.
Лхагва гаригийн байдлаар Хятадын эргэн тойронд дор хаяж таван хотод 20 сая гаруй хүн гэртээ хоригдсон хэвээр байна. Ялангуяа түгшүүр төрүүлж буй нэг Ковид бүс нь Бээжингээс 70 миль зайд орших боомт хот болох Тяньжин хот юм.
Олон мянган тамирчид, сэтгүүлчид, албаны хүмүүс ирэхээс өмнө халдварын тоо нэмэгдэж байгаа нь Хятадын зохион байгуулагчид наадмыг хэт хязгаарлалттайгаар зохион байгуулахыг оролдоход тулгарч буй сорилтыг онцолж байна. Олимпын нээлтийн ажиллагааг хоёрдугаар сарын 4-нд хийхээр төлөвлөөд байгаа билээ.
Бээжингийн хувьд Олимп бол Хятадын спортын амжилтыг харуулахаас гадна "ТЭГ КОВИД" арга барилыг батлах боломж юм гэж Сетон Холл их сургуулийн Дэлхийн эрүүл мэндийн судалгааны төвийн захирал Янжон Хуан хэлэв. Тэрээр "Хэрэв тэд ямар нэгэн томоохон дэгдэлт үүсгэхгүйгээр үүнийг даван туулж чадвал энэ нь Хятад улс авахдаа баяртай байх өөр нэг алтан медаль болно" гэлээ.
Албаны хүмүүс нийслэл рүү шаардлагагүй зорчихоос татгалзахыг уриалсан боловч Бээжинд хөл хорих төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдэв.
Энэхүү наадам нь тахал өвчин эхэлснээс хойшхи хамгийн онцгой хязгаарлалттай томоохон хэмжээний спортын арга хэмжээ байх болно. Вакцин хийлгээгүй хүмүүс Бээжинд ганцаарчилсан хорио цээрийн дэглэмд 21 хоног байх ёстой. Бүрэн вакцинжуулсан оролцогчид хатуу хараа хяналт дор тусгай хэсэг дотор үлдэх ажээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com