Казахстаны нөхцөл байдал улам хүндэрч, олон нийтийг хамарсан үймээн самуун газар аваад байна.
Тус улсад өнгөрсөн хагас сайн өдрөөс шингэрүүлсэн хийн түлшний үнэ хоёр дахин өссөн нь жагсаал тэмцэл эхлэхэд хүргэсэн юм. Гэвч энэ тэмцэл сүүлдээ улс төржиж, эрх баригчдын эсрэг бослого болж хувирчээ.
Казахстаны хэд хэдэн хотод босогчид засгийн газрын байруудыг галдан шатааж, цэрэг цагдаагийн хүчтэй цуст мөргөлдөөн үүсгэжээ. Лхагва гаригийн өглөө тус улсын ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев тэмцэгчдийн шаардлагыг хүлээн авч, засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зурсан юм.
Токаев шинэ танхим байгуулагдах хүртэл шадар сайд Алихан Смайловыг ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Гэвч нөхцөл байдал сайжралгүй, хүчирхийлэл улам өргөжсөөр тус улсад Онц байдал тогтоов.
Мөн Токаев ОХУ тэргүүтэй Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас цэргийн тусламж хүссэн байна.
“ХАБГБ-ын түншүүддээ хандах нь зүйтэй, цаг нь болсон гэж би үзэж байна” гэж Токаев хэлснийг албаныхан дамжуулжээ.
Казахстаны хамгийн том хот Алматын ойролцоо тус улсын зэвсэгт хүчний анги террористуудтай ширүүн тулаан хийж буй тухай Токаев энэ үеэр мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр террористууд нь гадаадад бэлтгэгдсэн этгээдүүд ийм байдалд хүргэсэн гэв.
Үймээний хамгийн халуун цэг болоод байгаа Алматы хотод өчигдөр босогчид ерөнхийлөгчийн хуучин ордныг галдан шатаажээ. Мөн өчигдөр орой босогчид бас Алматы хотын олон улсын нисэх буудлыг эзлэн авснаар төлөвлөгөөт бүх нислэг цуцлагдсан байна.
Түүнчлэн, Талдыкорган хотод босогчид экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хөшөөг буулгажээ.