Сингапур улс өчигдрөөс тус улсыг зорих жуулчдад онгоцны тасалбар худалдахаас татгалзаж, хилийн хязгаарлалтаа дахин чангатгалаа.
Энэ нь Омикрон хувилбарын тархалттай холбоотой бөгөөд ийм арга хэмжээ авч байгаа нь тус улсыг шинэ давлагаанд өртүүлэхгүй байх эхний арга хэмжээ юм гэж Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Сингапур улсын тавьсан хилийн хязгаарлалт ирэх оны нэгдүгээр сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
Гэхдээ Сингапурт ирэхээр тасалбараа аль хэдийнэ захиалсан 2 тун вакцинтай жуулчид тус улсад ирж болох бөгөөд ямар нэг хөл хорионд оролгүйгээр аялал хийж болно. Харин шинэ хязгаарлалтын дагуу Сингапурт ирж байгаа аялагчид PCR-ын шинжилгээний сөрөг хариутай байх ёстой. Мөн эхний долоо хоногт өдөр бүр “түргэвчилсэн шинжилгээ” өгөх дүрмийг мөрдөнө.
Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд хилийн хязгаарлалтыг тавьснаар бидэнд Омикрон хувилбарыг судлах, сонор сэрэмжээ нэмэгдүүлэх, тэр дундаа эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд тусална гэжээ.
Сингапур улсад одоогоор Омикрон хувилбарын 65 тохиолдол бүртгэгдээд байна. Тэгвэл тус улсын нийт хүн амын 96 хувь нь вакцины эхний тунд, 87 хувь нь вакцины 2-р тунд хамрагдсан байна. Мөн нийт хүн амын 34 хувь нь нэмэлт тунд хамрагджээ.
Сингапур улсын Эрүүл мэндийн яамны мэдээлж байгаагаар ирэх даваа гаригаас эхлэн 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулж эхлэх аж. Тус улс ковидтой дасан зохицож амьдрах стратегийн хүрээнд вакцинтай аяллын хөтөлбөр хэрэгжүүлж, хилээ нээгээд удаагүй байсан юм. Гэвч Омикрон хувилбарын гэнэтийн тархалт нь Сингапурыг дахин хилээ хаахад хүргэлээ.
Дэлхий дахинд Омикрон хувилбар дэгдсэнээс хойш Катар, Саудын Араб, АНЭУ тэргүүтэй улсууд, Өмнөд Африкийн улсуудтай хийх нислэгүүдээ цуцалсан бөгөөд "Омикрон" асар хурдтай тархдаг нь батлагдсанаас хойш хилийн хязгаарлалтуудаа эргэн сэргээж эхэлж байна.