Пүрэв гаригт Францын засгийн газар хоёр тунт вакцины үнэмлэх нь удахгүй хүчингүй болно гэж мэдэгдлээ. Уг мэдэгдлийн дараа олон мянган хүмүүс коронавирусийн эсрэг идэвхжүүлэх нэмэлт тунг хийлгэхээр цаг товлон яаравчилж байна.
Шинэ тохиолдлын өсөлт, эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа энэ үед засгийн газар энэ амралтын өдрөөс эхлэн бүх насанд хүрсэн хүмүүст нэмэлт тунг хийлгэхийг зөвлөсөн юм.
Эрүүл мэндийн сайд Оливье Веран хэлэхдээ, лхагва гаригт 400,000 гаруй вакцинжуулалтын цаг захиалсан байна. Одоогийн давалгаа зуны улиралд тохиолдож байсан давалгаанаас "илүү хүчтэй, урт" байх боловч "түгжигдэх, хөл хорио, дэлгүүр хаах, аялал жуулчлалын хязгаарлалт байхгүй" гэж мэдэгджээ.
Үүний оронд вакцинжуулалт, хүн хоорондын зай барих арга хэмжээнд анхаарлаа төвлөрүүлсэн дээр гэв.
Тэрээр "Бид эрх чөлөө, хариуцлагыг хамтатгах сонголтыг хийж байна" гэсэн юм.
Хүн амын 70 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байгаа. Гэвч сүүлийн хэдэн хоногт өдөр бүр шинэ тохиолдлын тоо 30,000 орчмоор нэмэгдэж байна.
Дашрамд, Европын холбооны эмийн зохицуулагч бага насны хүүхдүүдэд зориулсан Pfizer вакциныг зөвшөөрчээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com