Герман улсын Эрүүл мэндийн сайд Йенс Шпан вакцин хийлгэхийн ач холбогдлын талаар хамгийн хатуу анхааруулж, ард иргэдээ вакцинд хамрагдахыг уриаллаа.
Тэрээр "Энэ өвлийн эцэс гэхэд Германд хүн бүр вакцинд хамрагдах шаардлагатай. Эрх чөлөө гэдэг нь хариуцлага хүлээхийг хэлдэг. Вакцин хийлгэх нь нийгмийн өмнө хүлээсэн та бүхний үүрэг юм. Дельта хувилбарын хамгийн сүүлийн давлагаа халдварлаж байгаа энэ үед вакцин хийлгээгүй хүмүүс маш өндөр эрсдэлд байгаа" хэмээн ярьжээ.
Мөн тэрээр "Герман хүн вакцин тариулах, өвчлөөд эмчлүүлэх, үхэх гурвын аль нэгийг сонгох хэрэгтэй" гэсэн юм.
Герман улс коронавирусийн дөрөв дэх давлагаанд ороод байгаа бөгөөд халдварын тоо хурдацтай нэмэгдэж, эмнэлгүүдийн ор дүүрч, ачаалал нэмэгдсэн байна.
Мөн Герман улс Баруун Европ дахь хамгийн бага вакцинжуулалтад хамрагдсан улсуудын нэг болсон байна. Одоогийн байдлаар нийт хүн амын 68 хувь нь вакцинд хамрагдаад байгаа аж.
Герман улсад халдварын тархалт, тахал эхэлснээс хойш хамгийн өндөр түвшинд хүрчээ. Сүүлийн 24 цагийн дотор 30 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.