Ерөнхийлөгч Байден болон БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нарын виртуал уулзалт ямар ч ахиц гарсангүй. Хоёр удирдагч улс орныхоо хооронд үүссэн олон маргааныг илүү өргөн хүрээний мөргөлдөөн болгон даамжруулахгүй байхыг хичээсээр уулзалт дуусав.
Гурван цаг хагасын турш үргэлжилсэн яриа хэлэлцээний төгсгөлд хоёр тал хамтарсан мэдэгдэл ч хийж чадсангүй. Үүний оронд тэд өөрсдийн мэдэгдэл гаргаж, олон жилийн маргаантай асуудлуудыг онцлон тэмдэглэв.
Байден Шинжаан, Түвд, Хонг Конг дахь хүний эрх зөрчигдөж, Хятадын “шударга бус худалдаа, эдийн засгийн бодлого” Америкийн ажилчдад хохирол учруулж байгаад санаа зовниж байгаагаа Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.
Харин Ши Жиньпин, Америкийн Тайванийг дэмжиж байгаа нь "галаар тоглож байна" гэж мэдэгдээд, дэлхий дахин хагас зуун жилийн өмнөх их гүрний сөргөлдөөн рүү буцах эрсдэлтэй байгааг тодорхой анхааруулжээ.
Ерөнхийлөгч асан Трампын эхлүүлсэн худалдааны дайн шийдэгдээгүй хэвээр байгаа бөгөөд Хятад Америкийн бараа бүтээгдэхүүнийг тийм ч их худалдаж авахгүй байна. АНУ-ын албаны хүмүүс Хятадын өсөн нэмэгдэж буй цөмийн зэвсгийн талаар юу ярьсныг хэлэлцэхээс татгалзжээ.
Хоёр талын доод түвшний албан тушаалтнуудын хооронд яриа хэлэлцээр хийхээр тохиролцсон нь хурцадмал байдал ядаж бага зэрэг намдана гэсэн итгэл найдвар төрүүлсэн байна.
Дашрамд, уулзалтаас хэдхэн цагийн дараа Хятадын Коммунист нам Ши Жиньпинийг нэр хүндтэй удирдагчдынхаа нэгээр томилсон тогтоолоо эцэслэн гаргалаа.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com