Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцоно.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой Есдүгээр сарын 17-ны өдөр цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхлэх юм.
Ковид-19 цар тахлын улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган 2020 онд цахим хэлбэрээр болсон ба энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцоно.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уг чуулганд оролцох аж.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган Есдүгээр сарын 27-нд өндөрлөх юм.
Дашрамд, өнгөрсөн жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга цахимаар оролцож байжээ.