“Токио-2020 олимпын наадамд оролцох журам”-ыг Олимп зохион байгуулах хороо баталжээ.
Уг журмыг олимпод оролцох тамирчин, дасгалжуулагч, шүүгч, эмч, албаныхан зэрэг ангилал харгалзахгүй хүн бүр чанд баримтлах юм.
Олимп зохион байгуулах хорооноос энэхүү журмыг дагаж мөрдөх батламж бичгийг Үндэсний олимпын хороодоор нь дамжуулан оролцогчдод илгээж, батламжилж уг бичгийг үндэслэж хилээр нэвтрүүлэх аж.
Түүнчлэн хилээр нэвтрэхээс өмнө ойрын хавьтал тодорхойлох COCOA аппликейшн, өдөр тутам биеийн байдлаа хянах эрүүл мэндийн аппликейшныг тус тус гар утсандаа суулгаж, Google map ажиллуулж заавал гар утасны Bluetooth-ийг асаана.
Ингэснээр Япон улсын хилээр нэвтэрснээс хойших байршлын бүх мэдээллийг, байршил тогтоох болон байршил хадгалах аппликейшны тусламжтайгаар бүртгэж, хяналт тавих юм.
Өөрөөр хэлбэл, Зохион байгуулах хороонд 28 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх "Үйл ажиллагааны төлөвлөгөө"-нөөс өөр маршрутаар явахыг оролцогч бүрд хоригложээ.