ОХУ-ын Казань хотын нэгэн сургууль дээр буудалцаан болж долоон хүүхэд, хоёр том хүн амиа алджээ.
Нийт 21 хүн шархадсан бөгөөд ихэвчлэн хүүхдүүд байжээ. Одоогоор 19 настай сурагчийг сэжигтнээр саатуулсан байна.
Энэ халдлага Москвагаас зүүн тийш 820 км зайд болжээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин "их уй гашуу" гэсэн бол Татарстаны удирдагч Рустам Минниханов "Ийм зүйл болсонд бид гүнээ харамсаж байна" гэжээ.
Харин ОХУ-ын ерөхийлөгч В.Путин тус харамсалтай үйл явдлын талаар харамсаж байгаагаа хэлээд Орос улсын галт зэвсгийн хяналтын хуулийг эргэн харахаа мэдэгджээ.
ОХУ-д сургууль руу халдах гэмт хэрэг харьцангуй ховор байдаг ба хамгийн сүүлчийн томоохон үйл явдлуудын нэг нь ОХУ-ын хавсаргасан Крымд 2018 онд болсон үйл явдал юм.
Тэнд яг юу болсон бэ?
Тус улсын 175-р сургуулийн долоон хүүхэд өөд болжээ. Дөрвөн эрэгтэй, гурван охин, мөн нэг эмэгтэй багш, нэг сургуулийн ажилтан нас барсныг батлан мэдээлжээ. Эдгээр хүүхдүүд бүгд 15 настай, наймдугаар ангийн сурагчид байжээ.
Мөн 18 хүүхэд, гурван том хүн хүнд шархдаж эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна.
Халдлага орон нутгийн цагаар 09:20 цаг эхэлсэн гэж Оросын мэдээллийн Tass агентлагт онцгой байдлын албаны эх сурвалжтайгаар мэдээлэв. Сургууль дээр аюулын товчлуурын анхны дохиог таван минутын дараа илгээсэн байна.
“Бид ойролцоогоор 15 минутын дараа гарсан, гэхдээ цонхоор биш. Би цонхоор гарчихмаар байсан ч багш тэр даруй цонхоо хаагаад үгүй гэж хэлсэн" хэмээн нэгэн хохирогч сурагч хэлжээ.
Олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэгт зарим хүүхдүүд зугтах гэж цонхноос үсрэхээс гадна шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байгааг харуулжээ. Оросын телевизүүд хүүхдүүдийн хоёр нь хоёр давхрын цонхоор үсэрч нас барсан гэж мэдээлсэн байна.
Б.Бүжлхамаа
www.bbc.com