Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный зохих ёсны эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй хэмээн шаардаж одоо байгаа хорих ангидаа өлсгөлөн зарласнаа мэдэгдсэн.
Тэрээр инстаграмдаа нурууны өвдөлт, баруун хөлний зовуурь, шаналалд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй, нойргүйдэж байгаа талаараа хуваалцжээ.
44 настай Навальный Наймдугаар сард Сибирьт мэдрэлийн эмгэгийн эсрэг эмчилгээ хийсний дараа Германаас Нэгдүгээр сард гэртээ харьсан. Түүнийг нисэх онгоцны буудлаас шууд цагдан хорьж, дараа нь шоронд хорих ял оноосон байдаг.
Түүнийг одоо Москвагаас зүүн тийш 100 км зайд орших ИК-2 засан хүмүүжүүлэх колонид саатуулж байгаа бөгөөд тэндхийн хамгаалагчид зохих ёсоор эмнэлгийн тусламж авмаар байна гэхэд зөвшөөрөхгүй, боломж олгохгүй байна гэж буруутгаад байгаа юм.
ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх алба түүний гомдлыг хүлээн аваагүй бөгөөд харин "Алексей Навальный эмнэлгийн заалтын дагуу шаардлагатай бүхий л эмнэлгийн тусламжийг үзүүлсэн" гэж хариу барьжээ.
Ерөнхийлөгч Владимир Путинг хатуу ширүүн шүүмжилж байсан Навальныйд өнгөрсөн сард мөнгө завшсан хэргийн тэнсэн харгалзах хугацааг зөрчсөнд хоёр жил найман сарын ял оноосон юм.
Энэхүү ялыг олон нийт улс төрийн зорилготой гэж үзсэн бөгөөд Европын хүний эрхийн шүүх түүнийг амь насанд нь эрсдэл учруулж байгаа тул суллах ёстой гэж мэдэгджээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ долоо хоногт Навальный "Үйлдсэн хэргийнхээ төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээнэ" гэж мэдэгдсэн бөгөөд бусад оросуудаас ялгарах зүйлгүй гэжээ.
Навальный яг юу гэж хэлсэн бэ?
Навальныйгийн инстаграм хуудсанд Лхагва гаригт түүний өмгөөлөгчөөр дамжиж нийтэгдсэн постонд "Надад хуулиар зөвшөөрөгдсөн өөрийн сонгосон эмчээ өөр дээрээ зочилж ирж үзлэг хийх боломжтой байхыг шаардаж өлсгөлөн зарлаж байна" утгатай гар бичмэлийн зураг нийтлэгджээ.
"Би эмч урих, эм уух эрхтэй. Гэхдээ тэд надад зүгээр л зөвшөөрөхгүй байгаа. Нурууны өвдөлт миний хөл рүү тархсан. Эхлээд баруун хөлнийхөө хэсэгт мэдрэмжээ алдсан, одоо зүүн хөлний ч бас мэдрэл муудаж байна. Хошигнохгүйгээр, байдал улам л түгшээж байна" гэж тэр бичжээ.
Тэрээр өмнөх нийтлэлдээ түүнд өвдөлт намдаах үйлчилгээтэй ибупрофенээс хоёрхон ширхэг шахмал эм өгсөн бөгөөд одоог хүртэл онош нь тогтоогдоогүй байгаа гэж хэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба (ШШГЕГ) тухайн үед түүний биеийн байдал тогтвортой, хангалттай сайэ байгаа гэж мэдэгдэж байсан юм.
Навальный мөн шөнийн турш харуулууд цаг тутамд сэрээж байгааг эрүүдэн шүүж байна гэж гомдоллож байна. МХЕГ-аас Лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ ажилтнууд "Ялтнуудын орон дээр байгаа байдалд нүдээр үзлэг хийсэн ингэхдээ тэдний нойрыг алдагдуулаагүй” гэжээ.
Нурууны хүнд өвдөлтөөс гадна тэрээр хөл мэдээ алдах болсон нь хөл дээрээ зогсоход саад болж байгаа тухай ярьжээ.
Лхагва гаригт АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс Навальныйг "Улс төрийн хоригдол" гэж тодорхойлж, түүнийг цагдан хорьсон нь "улс төрийн зорилготой" гэж мэдэгдэв.
Тэрээр "Бид ОХУ-д түүний амь насанд халдахыг завдсан, гудамжинд гарсан тайван дэмжигчдэд нь хэлмэгдүүлсэн байж болзошгүй хүмүүст хариуцлага хүлээлгэхийг эрмэлзсээр байх болно. Алексей Навальныйг дэмжиж, суллахыг уриалъя" гэжээ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com