Японы нийслэлд зохион байгуулагдах Зуны XXXII-р олимпын наадам гадаадын иргэдийг хүлээж авахгүй, хаалттай явагдхаар болжээ.
Өчигдөр Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах, Токио 2020 зуны олимпын наадмын зохион байгуулах хорооны дарга Сэйко Хашимото нар онлайн горимд уулзсаны дараа уг эцсийн шийдвэрийг гаргасан байна.
Япон улсад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буй энэ үед, мөн эрсдлээс сэргийлсэн олон удаагийн судалгааны дүнгээс гадаадын зочдыг хүлээж авахгүй байх шийдвэр гаргажээ.
Гадаадын зочдыг хориглох шийдвэр нь оролцогч тамирчдын болон Япон улсын иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах зорилготойг онцлон тайлбарлажээ.
Одоогийн байдлаар нийт 600,000 орчим тасалбарыг гадаадын иргэд худалдаж авсан байсныг буцаахаар болсон байна.
Мөн паралимпын наадмын 300,000 орчим тасалбарыг адил буцаах юм.
Харин энэхүү шийдвэр Японы дотоодын үзэгчдэд хамаарахгүй аж.
Дашрамд, тэмцээн болох газруудад байх үзэгчдийн дээд хязгаарыг ирэх сард тодорхой болгохоо зохион байгуулагчид нь мэдэгдлээ.
Цар тахлын улмаас 2020 оны зун болох ёстой байсан олимпын наадам анх удаа нэг жил хойшлох шийдвэр гаргаж, энэ оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон билээ.