Экваторын Гвинейд болсон цуврал дэлбэрэлтийн улмаас одоогоор 17 хүн нас барж, олон зуун хүн шархадсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Ням гаригт болсон Бата гол хот дахь цэргийн хуарангийн ойролцоо болсон дэлбэрэлтийн дараа 420 орчим хүн шархаджээ.
Олон нийтийн сүлжээн дэх зургуудад асар их утаа, өргөн тархсан хохирол харагдаж байна.
Дэлбэрэлтүүдийн шалтгаан тодорхойгүй байгаа ч албаныхан TVGE телевизэд халдлага биш гэж мэдэгдэв.
Улсын телевизээр нурангин дороос амьд үлдэгсдийг хайж, нурсан барилгуудын хог хаягдлыг цэвэрлэх гэж хичээж буй хүмүүсийг харуулсаар байна.
Эрүүл мэндийн яам цуврал жиргээндээ сайн дурын эрүүл мэндийн ажилтнуудыг Бата бүсийн эмнэлэгт очихыг хүссэн байна. Мөн түүнчлэн хохирогчдын тоо их байгаа тул цусаа хандивлахыг хүссэн байна.
Эрүүл мэндийн яамны жиргээнд хүнд болон маш хүнд гэмтсэн хүмүүсийг шилжүүлэн, хүлээн авч буй гурван эмнэлгийн нэрийг жагсаажээ.
Орон нутгийн зарим эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоог хэтрүүлэн ачаалал ихэссэн гэж TVGE мэдээлээд, эмнэлгийн шалан дээр хүртэл хэвтэж буй шархадсан олон хүмүүсийн дүрсийг цацжээ.
Дэлбэрэлтийн дараахь олон нийтийн сүлжээнд байршсан бичлэгт утаа униарт автаж, энд тэндгүй уймаж шуугисан, зовж шаналж буй хүмүүс зугтаж буй эмх замбараагүй дүр зураг харагдаж байв.
"Бид дэлбэрэлтийг сонсож, утааг нь харж байна, гэхдээ юу болж байгааг мэдэхгүй байна" гэж нутгийн нэг иргэн Теодоро Нгуема AFP агентлагт ярьжээ.
Францын элчин сайд Оливье Броченин твитертээ хохирогчдод эмгэнэл илэрхийлж, энэ үйл явдлыг "гамшиг" гэж тодорхойлжээ.
Испанийн ЭСЯ-наас тус улсын иргэдийг гэртээ үлдэх ёстой хэмээн мэдэгдэн, яаралтай тусламжийн цуврал дугаарыг гаргажээ.
Экваторын Гвиней нь 1968 онд тусгаар тогтнол хүртлээ Испанийн колони байсан улс юм.
Б.Бүжлхамаа
www.bbc.com