Швейцарь улс олон нийтийн газар нүүрээ халхлахыг хориглох тэр ч бүү хэл лалын шашинт эмэгтэйчүүдийн өмсдөг бурка, никаб зэргийг ч олон нийтийн газар зүүхгүй байх саналыг дэмжлээ.
Уг санал маш бага саналын зөрүүтэйгээр дэмжигдсэн байна.
Ням гаригт гарсан албан ёсны үр дүнгээр бүх нийтийн санал асуулга 51.2% / 48.8% дүнтэй байв.
Энэхүү саналыг баруун жигүүрийн Швейцарийн Ардын Нам (SVP) дэвшүүлж, "Хэт туйлширлыг зогсоох" хэмээх уриа, лоозон барьж ажиллажээ.
Швейцарийн тэргүүлэгч лалын бүлэглэл энэ өдөр мусульманчуудын хувьд "хар өдөр" боллоо гэсэн байна.
"Өнөөдрийн шийдвэр хуучин шархыг нээж, хууль эрх зүйн тэгш бус байдлын зарчмыг улам өргөжүүлж, мусульман цөөнхөд гадуурхагдах тодорхой дохио өгч байна" гэж Лалын шашинтнуудын төв зөвлөл мэдэгдэлдээ дурдаад шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх болно гэжээ.
Женев дэх BBC-ийн сурвалжлагч Имоген Фулкес хэлэхдээ, үр дүн нь SVP-ийнхний найдаж байсан шиг дийлэнх олонхи биш ч Швейцарийн үндсэн хуулинд нүүрээ халхлахыг хориглох тухай бичээсийг баталгаажуулахад хангалттай юм гэжээ.
Швейцарийн засгийн газар эмэгтэйчүүдийн өмсөж зүүхийг төрөөс зааж өгөх шаардлагагүй гэж хориглолтыг эсэргүүцжээ.
Люцерны их сургуулийн хийсэн судалгаагаар (герман хэл дээр) Швейцарьт бараг хэн ч бурка өмсдөггүй, зөвхөн 30 орчим эмэгтэй никаб өмсдөг. 8.6 сая хүн амтай Швейцарийн хүн амын 5 орчим хувь нь лалын шашинтай бөгөөд ихэнх нь Турк, Босни, Косовогоос гаралтай аж.
Тус улсын шууд ардчиллын тогтолцооны дагуу Швейцарийн ард түмэнд өөрсдийнхөө асуудлаар шууд үг хэлэх эрх бий. Энэ эрхийн дагуу тэднийг үндэсний болон бүс нутгийн санал асуулгад янз бүрийн асуудлаар саналаа өгөхийг тогтмол уриалж байдаг.
Швейцарийн бүх нийтийн санал асуулгад Исламын шашинтнууд болон тэдний тухай асуудал хэлэлцэгдэж байгаа нь анхны тохиолдол биш юм. 2009 онд иргэд засгийн газрын зөвлөмжийг зөрчиж, минарет барихыг хориглохоор санал өгсөн.
Өнгөрсөн ням гаригт болсон бүх нийтийн санал асуулгаар Исламын шашны талаар шууд дурдаагүй бөгөөд гудамжны хүчирхийллийг эсэргүүцэгчид маск зүүхийг зогсоох зорилготой байжээ. Гэсэн хэдий ч санал хураалтыг "бурка хориг" гэж өргөнөөр нэрлэсэн байна.
Хамгийн сүүлийн санал нь коронавирусийн цар тахлын өмнөх үе байсан бөгөөд энэ нь Швейцарийн бүх насанд хүрэгчид олон нөхцөлд маск зүүж байх ёстой гэсэн үг юм.
Санал хураалтын өмнө санал асуулга явуулах хорооны дарга, SVP-ийн хууль тогтоогч Вальтер Вобманн Лалын шашны нүүрний бүрхүүлийг "Европт улам бүр нэр хүндтэй болж, Швейцарид байргүй болсон энэхүү туйлширсан, улс төрийн исламын бэлгэдэл" гэж тодорхойлжээ. Мөн "Швейцарийн ард иргэд бидний уламжлал бол нүүр царайгаа харуулдаг. Энэ бол бидний үндсэн эрх чөлөөний шинж тэмдэг юм" гэж тэр хэллээ.
Эмнести Интернэшнл ОУын байгууллагаас тус хоригийг эсэргүүцэж, "Эмэгтэйчүүдийн эрх, түүний дотор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх эрхийг зөрчсөн аюултай бодлого" гэж нэрлэжээ.
Исламын үндэсний зүүсгэлийг олон нийтийн газар өмсөх нь Европын бусад орнуудад ч мөн маргаантай сэдэв болж байсан. Нидерланд, Дани, Австри, Болгар улс олон нийтийн газар нүүрээ бүтнээр халхалсан зүүсгэл өмсөхийг бүрэн буюу хэсэгчлэн хориглосон бол Франц 2011 онд олон нийтийн газар нүүрний бүтэн хаалт өмсөхийг хориглосон юм.
Б.Бүжлхамаа
www.bbc.com