Жил бүрийн Гуравдугаар сарын 2-нд дэлхийд нэг сонин гэмээр баяр буюу Олон улсын шүдэнзний өдрийг тэмдэглэдэг байна. Өчигдөр дэлхийн хамгийн чухал хэрэглээний бүтээгдхүүний баярыг уламжлалын дагуу тэмдэглэжээ.
Ийм баярыг тэмдэглэхдээ яагаад энэ өдрийг сонгосон тухай янз бүрийн мэдээ байдаг аж.
Гэхдээ олон арван жилийн туршид шүдэнз хүний амьдралын юугаар ч орлуулшгүй, нэн чухал эд зүйл байсан гэдэгт бүгд санал нийлдэг юм. Тиймээс өнөөдөр ч шүдэнз нь гал гаргах тун энгийн, хямд төсөр аргын хувьд бидний өдөр тутмын амьдралд чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа билээ. Ердийн шүдэнз нь хүний ухааны хамгийн гайхалтай нээлтүүдийн нэг юм. Үүнийг мэдрэхийн тулд өмнө нь гал гаргахаар хичнээн их чармайлт гаргаж байсан билээ дээ. Тэгвэл, үрэлтээр гал гаргах ядаргаатай ажлаас эртнээс татгалзсан ба дундаж зууны үеэр цохиур ба цахиур чулуутай болжээ. Түүгээр гал гаргахад мөн ижил ур чадвар шаардагдсан нь мэдээж. Оч үсэргээд түүнийг селитртэй хагд эсвэл ууланд нь буулгаж, түүнийг үлээн хөөргөж гал гаргаж байв. Хамгийн гол нь галыг үлээн бадраах юм. Түүнгүйгээр гал гаргаж болох уу? Хэн нэгэн хуурай өвсний голыг хайлуулсан селитрт дүрээд түүний нэг талыг хүхэртэй толгойтой болгожээ.
Ийм маягаар анхны шүдэнз гарч ирсэн юм.
Цахиур
Фосфорыг нээснээр шүдэнзийг боловсронгуй болгоход их дэвшил хийсэн байна. Германы эрдэмтэн А.Ганквитц хэсэгхэн фосфорыг үрэхэд асдаг хүхрийн бүрхүүл бүхий шүдэнз хийж болох юм байна гэж таамаглажээ. Харин 18 дугаар зууны сүүлчээр францын химич К.Бертоллекалийн хлорит давс (бертолетова гэдгээрээ илүү танигдсан) гаргаж авсаны дараа шүдэнзийг өргөн хэрэглэхэд илүү аятайхан болгох боломжтой болсон байна. Химийн өөр урвал явагдсанаар, тодруулвал бертолетовын давсан дээр хүхрийн хүчил дусаавал ноцдогийг чухамхүү тэр нотложээ.
Энэхүү нээлт нь гал гаргах асуудалд огт өөр өнцөгөөс хандах боломж олгосон байна. Энэ үеэс эхлэн олон орны эрдэмтэд хэрэглэхэд эвтэйхэн, аюулгүй шүдэнз хийх эрэл хайгуул хийж эхлэсэн бөгөөд тэгэхэд олон улсын патентын эрх гээч юм бас байгаагүй аж.
Тиймээс өнөөдөр бидний мэддэг шүдэнзийг хэн анх бүтээсэн тухай нэг ч лавтай мэдээ байхгүй юм. Үүнтэй холбогдуулан шүдэнзийг үйлдвэрийн аргаар өргөн хийх болсон тухай л ярих хэрэгтэй болж байна.
Францын химич Шапсель өөрөө асдаг анхны шүдэнзийг үзүүлсэн 1805 оныг судлаачид өнөөгийн шүдэнзний түүх эхлэсэн гэж хамгийн олонтоо дурддаг юм. Энэ нь түргэн цагаан шунх (шатдаг массыг улаан өнгөтэй болгодог бодис) нэмсэн хүхэр, бертолетын хольцоор хийсэн толгой бүхий нарийхан савханцар мод байжээ.
Түүнийг нартай өдөр давхар линзийн тусламжтайгаар асаадаг байсан ба бусад үед нь хүхрийн хүчилтэй нийлүүлэн гал асаадаг байв. Эдгээр шүдэнз нь маш үнэтэй, бас түлэх аюултай байжээ.
Тэрээр амархан ноцох бусад бодисыг хайж байлаа. Немецийн алхимич Брандын 1669 онд нээсэн цагаан фосфорыг анхаарч эхлэв. Фосфор нь хүхрээс амархан асах боловч хортой байсан юм. Шүдэнзний үйлдвэрийн ажилтнууд фосфорын ууранд хордон хэдэн сарын дотор ажлын чадваргүй болж байв. Тухайн үед толи болон бүрх малгайн үйлвэрээс ч илүү шүдэнзний үйлдвэр хортой байв.
Австрийн химич Антон Риттер фон Кристелли Шретер хоргүй улаан фосфорыг 1847 онд нээсэн байна. Түүнээс хойш цагааныг нь улаанаар солих санаа гараад түүнийг хамгийн түрүүнд Франкфуртын их сургуулийн профессор Рудольф Кристиан Беттгер хэрэгжүүлэв. Тэрээр хүхэр, бертолетын давс зэргийг цувуутай холиод парафинаар бүрхсэн савханцарт түрхэв. Түүнийг барзгар гадрагат үрэн асаах боломжгүй байсан юм. Тэгээд Беттгер цаасанд бага зэргийн улаан фосфорын хольцтой тусгай бүтэцийг түрхэх болов. Улаан фосфорын хэсэг нь бертолетын давстай нийлээд ноцож тэр нь үлдсэн хэсгийг нь асаадаг болсон ба тийм шүдэнд жигд шар дөлтэй, утаагүй, фосфорын шүдэнз шиг муухай үнэр гаргаж байсангүй. Гэвч түүний бүтээлийг үйлдвэрлэгчид эхлээд сонирхсонгүй. Хожим түүнийг хэрэглэх эрхийг шведийн үйлдвэрлэгчид ах дүү Лундстрем худалдан авсан байна.
1851 онд улаан фосфор Англид орж ирснээс хойш тэд шүдэнзний үйлдвэрлэлийг эхлүүлжээ. Тэдний нэг Йохан Эдвард Лундстрем 1855 онд өөрсдийн сайжруулагдсан технологидоо патент авсан ба түүний үйлдвэрийн шүдэнз Парисын Дэлхийн үзэсгэлэнгээс алтан медаль авч байжээ. Тэр цагаас хойш “шведийн” гэж нэрлэгдсэн аюулгүй шүдэнзийн үйлдвэр бүхэл бүтэн аж үйлдвэр болсон байна. Анхны тэр “аюулгүй” шүдэнзийг тэд 1851 онд гаргаж эхэлсэн нь өнөөдрийн бидний хэрэглэж байгаа шүдэнз юм.
Тиймээс л тэднийг “шведийн” гэж урт хугацаанд нэрлэж байлаа. Аюулгүй шүдэнз тараад эхлэх үеэс фосфорын шүдэнзийг олон оронд хориглож эхлээд хэдэн арван жилийн дараа тэднийг үйлдвэрлэхээ больсон байдаг.
Сонирхолтой баримтууд:
- 1886 онд америкийн химич Фредерик Фарнем “үрэлтгүй” гэх хатуу биетэд үрэхэд асдаг толгой нь давхар бүрхээстэй шүдэнзийн патент авч байв. Хлорат калий, цавуу, канифоли, гипс, бага зэргийн фосфор ба цагаан, өнгөт пигмент зэргээс эхний давхрага нь бүтсэн байжээ. Хоёрдугаар давхрагад нь улаан фосфор, цавуу, цахиур, гипс, цайрын оксид, будгийн бодис байжээ.
- Өдгөө дэлхийд 100 гаруй төрлийн шүдэнз үйлдвэрлэдэг. Асах хурд, шаталт, зориулалт, хэлбэр хэмжээ гээд л тэд өөр өөр.
- Ойролцоогоор үйлдвэрлэж байгаа шүдэнзний 98 хувь нь ахуйн, 2 хувь нь тусгай зориулалтынх ажээ.
- Бидний мэдэх шүдэнзний хайрцгийг 1889 онд Жошуа Пьюси зохиосон байна. Гэтэл түүний патентыг Америкийн Diamond Match Company компани авчээ. Компани нь яг тийм хайрцгийг бүтээхдээ зуруурыг нь хайрцагны гадна хийсэн бол Пьюси түүнийг хайрцаг дотроо хийсэн байсан аж.
- Аюулгүй шүдэнз ба түүний хайрцаг зохиогдсон нь нийгэмд маш чухал байснаас Америкийн Ерөнхийлөгч У.Тафт хувиараа Diamond Match Company компанийг патентаас татзалзахыг хүсчээ. 1911 оны нэгдүгээр сард компани сайн дураараа патентыг нийт хүн төрлөхтнийх гээд түүнээс татгалзсан байна.
- XIX зуунд Шведад хамгийн их шүдэнз үйлдвэрлэж байлаа.
- Шүдэнзний савханцруудыг зөөлөн төрлийн мод ба картоноор хийдэг. Одоо бүх шүдэнзний модны 99 хувийг улмангар модоор хийж байна.
- Гар дор шугамгүй бол шүдэнзний хайрцгаар хэмжиж болно. Стандартын хайрцаг нь 5см байдаг.
- Шүдэнзний хайрцагны наалт, хайрцаг, шүдэнз ба түүнтэй холбоотой зүйлийг цуглуулагчдыг филумен гэж нэрлэдэг.
- Орост шүдэнз XIX зууны гучаад оноос орж ирэн зуун ширхэг нь нэг мөнгөн рублиэр зарагдаж байв. 1913 он гэхэд Орост 251 шүдэнзний фабрик байжээ.
- 1922 онд Зөвлөлтөд шүдэнзний үйлдвэрүүдийг нийгэмчилжээ. Эх орны дайны өмнө ЗХУ-д нэг хүнд жилдээ 55 хайрцаг ноогдох хэмжээгээр тэднийг үйлдвэрлэж байв. Зөвлөлт задарсны дараа олон үйлдвэрүүд нь дампуурчээ. Зөвлөлтөөс л манайд шүдэнзний үйлдвэр дамжин орж ирсэн байлаа. Өмнө нь бид Зөвлөлтөөс, Хятадаас шүдэнзийг импортолж иржээ.
М.Цогт