Готын ба неоклассик стилийн уран барилгатай эртний Сент-Эндрюс хот Хойд тэнгисийн эрэгт байрлах ба Шотландыг ивээгч гэх Хувилгаан Андрейн нэрийг авчээ. Хот гуравхан гудамжтай бөгөөд тэнд бүх шаардлагатай дэлгүүр хоршоо, гуанзууд, уушийн газар, номын болон хуучин эдлэлийн дэлгүүрүүд, бэлэг дурсгалын мухлагууд цугларчээ.
Сент-Эндрюст анх 1410 онд ердийн нэгэн сургуулийг байгуулжээ. Түүнийг Сорбонны их сургуулийн төгссөн хэдэн хүн үүсгэсэн байна. Дараа нь Хамба Генри Вордло 1411 оны хоёрдугаар сарын 27-нд тэр сургуулийн бааз дээр Шотландын анхны их сургуулийг үндэслэх зарлиг гаргажээ.
Хамбын зарлигийг баталсан XIII Бенедикт гэх сөрөг пап ламын лүндэнгээр Сент-Эндрюсын их сургуулийг 1413 онд үүсгэн байгуулав. Сөрөг папын лүндэнг хүргэсэн элч нар 1414 оны хоёрдугаар сарын 4-нд хүрэлцэн ирж, мөн өдрөө их сургуулийг нээсэн баярын арга хэмжээг зохион байгуулсан байна.
Гэхдээ их сургууль байгуулагдсан өдрийг хоёрдугаар сарын 27-ноор тооцдог. Их сургуулийн 500 жилийн ойг 1911 оны энэ өдөр тэмдэглэсэн байна.
I Яков хаан 1423 онд их сургуулийг ивээлдээ аван татвараас чөлөөлсөн байдаг. Энэ их сургууль нь Оксфорд ба Кембрижийн дараа ордог Их Британийн гурав дахь их сургууль юм. Парисын альма-матерын жишгээр их сургуулийг шашины номнол, хууль эрх зүй, урлаг, анагаах гэсэн дөрвөн факультеттай нээсэн байна. Дөнгөж 16 мянган хүнтэй энэ хот 7000 оюутантай. Их сургууль төгсөгчдөөс хоёр химич, нэг эмч Нобелийн шагнал хүртжээ.
Сонирхолтой баримтууд:
Хойд гудамжны явган хүний зам дээр аркаар гарангуут PH гэдэг чулуун бичлэг сийлэгдсэн байгаа. Домгоор тэнд протестант сурагчийг шатаасан ба тэр хараал хэлээд сүнс нь хаалганы чулуунд тамгалагдсан үлдсэн гэдэг. Бичээс дээр гишгэсэн оюутан диплом авдаггүй гэсэн дом ч бий. Тэр хараалыг тайлахын тулд тавдугаар сарын 1-ний үүрээр хуучин шилтгээний ойролцоо далайд шумбах хэрэгтэй гэдэг. Тиймээс тавдугаар сар гэхэд бичиг дээр гишгэсэн оюутны тоо хангалттай их болж, нийтийн зугаалга болон хувирдаг байна.
Бас нэг уламжлал нь оюутны улаан нөмрөг. Өмнө нь оюутнууд түүнийг заавал өмсөх ёстой байж. Нутгийн хүмүүс алсаас homo studentius ирж буйг харах ёстой байжээ. 1800 онд эргийн ойролцоо нэг хөлөг онгоц живсэн ба Жон Хокин гэдэг оюутан таван удаа тийшээ сэлж, таван удаа аварсан хүнтэйгээ эргэн ирсэн гэдэг домог байдаг. Тэр цагаас хойш улаан нөмрөгтэй оюутнууд бямба гаригийн мөргөлийн дараа усан буудлаар өгсөөд эргэн ирдэг болсон гэнэ.
Нэгдүгээр курсын оюутнууд хичээл сурлага, их сургуулийн амьдралд дасахад нь тусалсны төлөө ахлах курсын оюутнууддаа талархаж үзэм барьдаг байж. Цаг хугацааны явцад энэ нь өөрчлөгдөн арваннэгдүгээр сард өргөн үдэшлэг арга хэмжээ болж хамгийн сүүлд нь шөнөжингөө хөөсөөр биенээ шүршиж даваа гаригийн өглөө өндөрлөдөг болжээ.
М.Цогт