Японы Засгийн газар Сейко Хашимотог Токиогийн Олимпийн зохион байгуулах хорооны шинэ тэргүүнээр томилжээ.
Эмэгтэйчүүд хурал дээр хэтэрхий их ярьдаг гэж ёжилсон учраас өмнөх тэргүүн Ёширо Мориг огцруулсан байдаг. Ноён Мори суудлаасаа буухдаа 84 настай Японы хөлбөмбөгийн холбооны удирдагч асанг шинэ тэргүүн болгохоор төлөвлөж байсан боловч ийнхүү эмэгтэй удирдагч томилсон нь Засгийн газрын зүгээс барьсан хүчтэй арга хэмжээ байв.
Хурдны тэшүүрийн олимпийн медальт, 56 настай хатагтай Хашимото “Зуны олимпын наадмыг коронавирусаас хамгаалахад хамаг анхаарлаа зориулж ажиллана. Японы ард түмэн эсвэл гадаад улсаас зорчин ирэх хэнбугай ч Токиогийн наадам хамгаалагдсан, аюулгүй гэж бодох болно" гэв.
Том зургаараа энэхүү улс төрийн шийдвэр нь Японы ард түмэн, ялангуяа эмэгтэйчүүдийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд олноороо дуу хоолойгоо өргөх, тэрхүү олны дуу хоолой төрийн ажилд эерэг нөлөө үзүүлдэгийн тод жишээ боллоо.
Энэ удаагийн сошиал эсэргүүцэлд залуучуудын ялангуяа эмэгтэйчүүдийн дуу хоолой ихээхэн хүч нөлөөтэй байлаа. Нөгөө талд бас энэхүү шийдвэрийг царай харсан, чадамжинд суурилаагүй шийдвэр ч гэж үзэж үгүйсгэх хэсэг байна. “Гэхдээ л өмнө нь иймэрхүү хүйсээр хэвшинжилсэн хэллэг улс төр, нийгмийн томоохон хэн нэгэн албан тушаалтан хэлсэн бол хэсэг шүүмжлүүлж байгаад үргэлжлүүлээд ажлаа хийх байсан” гэж жендэрийн болон ажил амьдралын тэнцвэрт байдлын талаар хамгийн их борлуулалттай ном бичсэн Казүёо Кацума хэлжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com