Самсунг группын өв залгамжлагч Ли Жэ Ёныг хоёр жил, зургаан сар шоронд хорих шийдвэр гарчээ.
Өмнөд Солонгосын гэр бүлээр удирдуулсан групп Солонгосын дайны дараа улс орноо сэргээн босгоход тусалсан боловч одоо тэднийг улс төрийн системд "авлигад автсан нөлөө" гэж үзэх болжээ.
Самсунгийн тэргүүн Ли Жэ Ён Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асанд авлига өгснийхөө төлөө даваа гаригт шоронд эргэн ирж, дэлхийн хамгийн том бизнесийн эзэнт гүрний хувь заяатай холбоотой томоохон асуултууд сөхөгдөж эхэллээ.
Сөүлийн Дээд шүүхээс Ли Жэ Ёнд өнгөрсөн даваа гаригт 2016 онд авлигын хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Ерөнхийлөгч Пак Гын Хед хахууль өгсөн хэргээр хоёр жил хагас хорих ял оноожээ. Гэхдээ өмнө нь энэ хэргээр нэг жил орчим шоронд хоригдож байсан тул тэрээр зөвхөн нэг жил хагас хоригдох аж.
Тэрээр "Эрхэм шүүгч ээ, надад хэлэх зүйл алга" гэж өчигдөр болсон шүүх хуралдааны үеэр болон шийдвэр уншуулахаасаа өмнө мэдэгдэл хийх үеэр хэлсэн байна.
Энэхүү шинэ ялын тогтоол нь Өмнөд Солонгосын амьдралын олон асуудлыг хамарсан корпорацийн болох Самсунгд хүнд цохилт болжээ. Энэ бол Өмнөд Солонгосын эдийн засагт ноёрхож буй цөөн хэдэн гэр бүлд шууд нөлөөлөх шийдвэр юм. Тус группын электроникийн нэгж болох Samsung Electronics нь тус улсын нийт экспортын бараг тавны нэгийг бүрдүүлдэг билээ.
Хээл хахуулийн хэрэг бол Ли Жэ Ёны цорын ганц асуудал биш юм. Тэрээр есдүгээр сард хувьцааны ханшийг залилан хийсэн, шударга бус арилжаа хийсэн гэж ялласан. Эдгээр ялтай холбоотой шүүх хурал дөнгөж эхлээд буй. Мөн Ли Жэ Ён өөрийгөө гэм буруугүй гэж хэлсээр байгаа юм.
Өмнөд Солонгосын чаебол гэр бүлүүд Солонгосын дайнд сүйрсний дараа улс орноо сэргээн босгоход тусалсан боловч олон тооны хүмүүс тэднийг улс төрийн тогтолцоонд авлигач нөлөө үзүүлж, өрсөлдөх хүсэл эрмэлзэлтэй жижиг бизнес эрхлэгчдэд саад болж байна гэж үздэг. Бизнесийн элитүүдийн дунд эцэс төгсгөлгүй дуулиан шуугианаас залхсан Өмнөд Солонгосчуудын хувьд даваа гаригт болсон ялын тогтоол нь таатай мэдээ байв.
"Зарим хүмүүс хоёр жил хагасын ял шийтгэл хангалтгүй гэж хэлж магадгүй, гэхдээ энэ нь яллагдсан Самсунгийн даргыг шоронд хийх онцгой шийтгэл юм" гэж сэтгүүлч Чун Сун Суп хэлжээ.
Эцгийгээ хэвтэрт орсноос хойш Самсунгийг удирдаж байсан Ли Жэ Ён тус компанийн гол өв залгамжлагч билээ.
Б.Бүжлхамаа