АНУ бол ижил төстэй орнуудаас хамгийн бага сонгуулийн ирцтэй улс юм. 1960-аад оноос хойш тус улсын сонгуулийн эрх бүхий сонгогчдын гуравны нэгээс хагас хувь нь эрхээ эдэлдэггүй, сонгуулийн үеэр гэртээ үлддэг байна. Сонгуулийн насны нийт хүн амын дөнгөж 56 орчим хувь буюу 136,8 сая хүн 2016 онд сонгуульд оролцсон гэж Пью судалгааны төвөөс мэдээлэв.
Энэ нь 2012 онтой харьцуулахад өссөн үзүүлэлт байсан бол Америкчуудын хамгийн өндөр ирцтэй сонгууль 2008 онд сонгогчдын 61.6 хувь нь оролцож, Ерөнхийлөгч Барак Обама сонгогдож байжээ.
Сонгуульд оролцоогүй америкчууд саналаа өгсөн хүмүүстэй харьцуулахад илүү ядуу, коллежийн боловсролоос дутуу боловсролтой, ганц бие эцэг эх байх магадлал өндөр байсан гэж Хүн амын тооллогын товчооны мэдээллийн дүн шинжилгээнд дурджээ.
Одоогийн байдлаар ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох сонгуульд эрт саналаа илгээсэн сонгогчдын ирц түүхэн амжилт тогтоогоод байна. Ялангуяа ихэвчлэн нарийхан саналын зөрүүгээр аль нэг намын өрсөлдөгч ялдаг “байлдааны” муж улсуудын эрт ирц рекорд эвджээ. Гэсэн хэдий ч зарим иргэд сонгох эрхээсээ татгалзсан хэвээр байна. "Улстөрчид миний тархинд зай түрээсэлж, намайг бухимдуулдаг, гэхдээ эцэст нь тэд хүссэн зүйлээ хийдэг" гэж Барак Обамагийн төлөө нэг удаа санал өгсөн 44 настай Фанни Санчес сурвалжлагчид өгсөн ярилцлагандаа хэлсэн байна.
Сонгогчдын хайхрамжгүй байдал Америк залуу хүмүүсийн дунд илүү хүчтэй харагдаж байна. 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд 18-29 насныхны тэн хагасаас бага хувь нь саналаа өгсөн нь нийт ирцээс 15 орчим пунктээр доогуур байв. Дэлхийн бусад улс орнуудад ч энэ насныхны саналын ирц адилхан бага байдаг байна.
Upshot судалгааны байгууллагын дэлхийн сонгогчдын мэдээллийн дүн шинжилгээнд хийсэн судалгаагаар залуучууд хөгшчүүлээсээ давуу байр суурь эзэлдэггүй болохыг олж гаргасан.
Гэхдээ нийт сонгогчдын оролцоо өндөр байх хандлагатай улс орнуудад залуу насныхны ирц өндөр байх хандлагатай байна. Судлаачид үүнийг аль болох залуу наснаасаа сонгууль өгч эхлэх нь цаг хугацааны явцад зуршил болж, алдагдсан боломжийн өртөг тооцох, улс төрийн үзэл санаагаа илэрхийлэх, улс төрчдийн зүйд нийцэхгүй шийдвэр, хуулийн заалтыг эсэргүүцэх гэх мэт улс төрийн үйл ажиллагааны өөр аргад оролцох зэрэг хэд хэдэн хүчин зүйлд нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Бү.Лхамаа