Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг тус олимпиадын 5 удаагийн аварга багш Б.Баяржаргалын нэрэмжит болгон Баянхонгор аймагт зохион байгуулна.
1996 оноос хойш 30 жилийн дараа математикийн улсын олимпиадыг орон нутагтаа зохион байгуулахаар Баянхонгор аймгийн удирдлагууд санаачилга гарган, зохион байгуулах эрхээ аваад буй. 2026 онд болох Улсын олимпиадын бэлтгэлийг эртнээс хангах үүднээс математикийн боловсролын сургалтыг сайжруулах "Хонгорын математик" үйл ажиллагааг энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөн бэлтгэн ажлыг хангаад байна.
Энэ хүрээнд Баянхонгор аймгаас төрөн Монгол Улсын шилдэг математикч, МУИС-ийн багш доктор Г.Баярмагнай, улсын таван удаагийн аварга - шилдэг математикч, "Олонлог" сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг, Зөвлөх багш Б.Баяржаргал, "Алгоритм" сургуулийн удирдах зөвлөлийн дарга Ц.Дэлгэрдалай нарын эрдэмтэд төрөлх нутагтаа ирж, математикийн багш нартай уулзаж, заах арга зүйн сургалт зохион байгууллаа.
Мөн үеэр аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбатын дэмжлэг дор, Боловсролын газрын дарга Ж.Алтанцэцэг, арга зүйч багш М.Мөнхбат нарын чиглүүлснээр математикийн сургалтын чанарыг сайжруулах дунд болон урт хугацааны төлөвлөгөөг хэлэлцэн товлов. Хэлэлцүүлэгт төвийн ЕБС-ийн захирлууд, ахмад багш нар, боловсролын газрын арга зүйчид оролцож математикийн боловсролын өнөөгийн нөхцөл, цаашдын нөөц боломжоо бодитоор тодорхойлж, үр дүнд хүргэж ажиллах төлөвлөлтөө баталлаа.
2026 оны олимпиадын нэрэмжитээр тодорсон Зөвлөх багш Б.Баяржаргал нь Улсын математикийн олимпиадаас 1996, 1998, 2004, 2005, 2013 онд түрүүлж 5 алт, 2003, 2008, 2012 онд дэд аваргаар шалгарч 3 мөнгөн медаль тус тус хүртсэн Хонгор нутгийн бахархал болсон математикч юм. Улсын математикийн олимпиадын түүхэнд багшийн ангилалд 5 түрүүлсэн хүн хоёр байдгийн нэг нь Б.Баяржаргал юм.