Америкийн Boom Supersonic компани дуунаас хурдан нисэх онгоцоор нислэг үйлдэж, түүхэн үйл явдал бүтээлээ.
Тус компанийн зохион бүтээсэн XB-1 загварын нисэх онгоц Калифорни муж улсын Мохаве цөлд хийсэн туршилтын нислэгийн явцад дууны саадыг анх удаа давсан нь дууны хурдан аяллыг сэргээх томоохон алхам боллоо.
XB-1 нь Boom компанийн бие даан бүтээсэн, дууны хурднаас давсан анхны тийрэлтэт онгоц болж байна. Энэ онгоц 2024 оны гуравдугаар сараас хойш 12 удаагийн амжилттай нислэг үйлдсэн бөгөөд тус компанийн “Overture” хэмээх дуунаас хурдан арилжааны онгоцны суурь загвар юм.
Сүүлийн туршилтын үеэр XB-1 нь Мохавегийн Агаар, сансрын боомтоос хөөрч, 1947 онд нисгэгч Чак Йегер анх удаа дууны саадыг эвдэж байсан түүхэн агаарын орон зайд ниссэн байна. Boom компанийн ахлах туршин нисгэгч Тристан Бранденбург уг онгоцыг жолоодож, хөөрснөөс 12 минутын дараа 10 мянга гаруй метрийн өндөрт 1.122 Мах (1207 км/цаг) хурдалж, дууны хурднаас 10 орчим хувиар давсан амжилт үзүүлжээ.
Эх сурвалж: CNN