Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу зургаадугаар 24-нд зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд
• Сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах, бусдад дамжуулах,
• Гэр, орон байр, хашаа, саравчаа үерийн усны зам, голын голдрил, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
• Үерийн аюултай бүс нутгаас нүүх,
• Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,
• Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
• Цэвэр ус, хоол хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
• Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах хэрэгтэй.
Үер, усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ?
• Өөртөө болон бусдад туслах
• Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих
• Шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах
• Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах
• Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээх
• Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарах
• Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очих
• Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
• Гараа тогтмол савандаж угаах
• Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг буцалгаж ариутгах
• Булаг, худгийн усыг шавхаж цэвэрлэх
• Гэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу усны нүх /сав/-ийг ариутгах, цэвэрлээрэй.
Эх сурвалж: ОБЕГ