Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2016 оноос эхлэн хэрэгжсэн “Шарилжгүй Улаанбаатар” аян дөрөв дэх жилдээ зохион байгуулагдахаар боллоо.
Аяны хүрээнд ойр орчимд нь иргэн, ААН байхгүй алслагдсан газар буюу Сэлбэ голын ойр орчим болон төмөр замын хамгаалалтын зурвас, хотын захын гудамж, сургууль цэцэрлэг, эмнэлгийн хашаан доторх талбайд ургасан зэрлэг шарилжийг цэвэрлэх, иргэдийг энэ төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй ороцохыг уриалдаг билээ.
Өнгөрсөн жил ТҮК-ийн 920 зам талбайн үйлчлэгч ажилтан, 500 ажилгүй иргэн гэрээгээр ажиллажээ. Эдгээр ажилчид дараа нь нарийн тоосны харшилтай болсон байна. Тэгвэл энэ жилээс эхлэн Чех улсын Hecht компанид үйлдвэрлэгдсэн, тус бүр нь 250 000 төргөгийн үнэтэй нийт 50 хадуурын төхөөрөмжийг худалдаж авчээ.
Ингэснээр мэргэжлийн тусгай багаж, материалтай 100 ажиллах хүчин бэлтгэгдсэн юм. Уг төхөөрөмж ажилтны өдрийн гүйцэтгэлээс 10 дахин илүү бүтээмжтэй ажиллах чадалтай аж.
“Шарилжгүй Улаанбаатар” аян нь нийт 2 үе шаттай хэрэгжинэ.
- I шат нь зургаадугаар сарын 20-оос долдугаар сарын 5-ны хооронд зохион байгуулагдаж, зургаадугаар сарын 29-нд бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарлана.
- Баяр наадмын сард хур бороо их байдгаас шалтгаалан шарилжийн ургалт ихэсдэг. Иймээс шарилж ахин тоосоо гөвөхөөс өмнө II шат наймдугаар сарын 5-аас наймдугаар сарын 20-ыг дуустал үргэлжилнэ. Наймдугаар сарын 17-нд мөн адил бүх нийтийн цэвэрлэгээний өдрийг зохион байгуулна.
Аж ахуйн нэгжийн эргэн тойрон, хашаа саравчинд нь ургасан шарилжийг цэвэрлээгүйгээс шалтгаалан тоосонцор агаараар дамжин нийслэлд оршин суугаа иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байдаг учраас иргэд, албан байгууллагууд идэвхтэй оролцож ойр орчимдоо байгаа зэрлэг ургамлуудыг түүж цэвэрлэхийг уриалж байна.
Мөн шарилжийг үндсээр нь зулгааж авах нь хөрсийг үржил шимгүй болгох, шороо тоос босох зэрэг муу үр дагавартай тул тайралт, таналтыг түлхүү хийх хэрэгтэй аж. Шарилжийн булцуутай хэсэг нь харшил үүсгэдэг. Тиймээс ишнээс нь 5-10 см үлдээгээд тайрах нь зохимжтой. Ингэснээр навч ургах нөхцөл бүрднэ. Энэ нь хөрсийг нарны хурц туяанаас хамгаалж, ногоон байгууламж үүсэх нөхцлийг бий болгох юм.
“Цаашдаа дээрх төхөөрөмжийг ашиглахаас гадна Солонгос улсад үйлвэрлэгдсэн шарилжийн ургалтыг зогсоох био бэлдмэлийг туршиж үзэхээр төвөвлөж байна. Энэ нь ажилчдын ачааллыг багасгана гэсэн үг” хэмээн Хог хаягдлын бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Аригуун хэллээ.