Сүхбаатар аймгийн БОАЖГ-аас тус аймгийн таван суманд монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлжээ. Мөнххаан суманд 12 эр, найман эм нийт 20 ширхэг тарвагыг зөөврийн аргаар авчирч, нутагшуулсан байна.
Энэ бол манай газрын зүгээс БОАЖ-ын сайд болон аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн хүрээнд хийгдэж буй ажил юм. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу орон нутгийн төсвийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 30 сая төгрөгийг үүнд зарцуулж байгаа. Монгол тарвага сэргээн нутагшуулах ажлын тендерийг өнгөрсөн гуравдугаар сард зарласан. Улмаар мэргэжлийн байгууллага болох Авралын эрэлд компани шалгарч ийнхүү тарвагыг эхнээсээ хүлээлгэн өгч байгаа аж.
Монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг өмнө нь 2006, 2011, 2012 онуудад хийж байсан. Үүний үр дүнд тарваганы тоо толгой эрс нэмэгдэж байгаа гэнэ. Цаашид энэ байдлаар нь хадгалж, өсгөн үржүүлэх, хамгаалахын тулд тухайн сумдын удирдлага, байгаль хамгаалагч, иргэдийн үүрэг оролцоо маш чухал юм.
Монгол тарвага сэргээн нутагшуулах ажил ийнхүү Мөнххаан сумаас эхэлж багаа бол, цаашид Түмэнцогт, Эрдэнэцагаан, Дарьганга,Сүхбаатар суманд тус бүр 20, нийт 80 толгой тарвагыг нутагшуулах юм байна. Тарвагуудыг Төв аймгийн Хустайн байгалийн цогцолбор газраас авчирчээ.
mnb.mn