Жил бүрийн зургадугаар сарын 5-нд тэмдэглэдэг Дэлхийн хүрээлэн буй орчны өдөр нь (World Environment Day) дэлхийн хамтын нийгэмлэгийг хүрээлэн буй орчны асуудалд хандуулах зорилготой. Хүрээлэн буй асуудлаар Стокгольмын 1972 оны бага хурлаас энэ өдрийг тэмдэглэх тогтоолыг анх гарсан билээ. Дэлхийн байгаль орчны өдрийг 1973 онд “Ганцхан эх дэлхий” гэсэн уриан дор зохион байгуулсан бол 1987 оноос эхлэн улс орнууд өөр өөр уриан дор санаачлан зохион байгуулж эхэлжээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблей тогтоолоороо Хүрээлэн буй орчны НҮБ-ын хөтөлбөрийг (United Nations Environment Programme, ЮНЕП) баталсан юм.
Хүрээлэн буй салбарын НҮБ-ын гол байгууллага болсон ЮНЕП даяарчлалын экологийн хөтөлбөрийг батлан гаргадаг ба төв байр нь Найроби (Кени) хотод байрладаг.
Бидний амьсгалж буй агаар, идэж буй хоол хүнс, ууж буй уснаас дэлхий дээрх нас баралтын 23 хувь нь үүдэлтэй. Химийн бодисын алдагдал, бохирдсон агаар, эрүүл бус амьдралын хэвшил үүнд хамгийн их нөлөөлж байна. Сахарын цөл орчмын Африкийн орнуудад гэхэд л халдварт өвчин, хоол хүнсээр дамждаг өвчин, шимэгч хорхойнууд халдварладаггүй өвчнөөс илүүтэй хор хөнөөл учруулж байна.
Дэлхийн газрын зургийг харвал хүрээлэн буй орчноос үүдэлтэй үхэлд хамгийн их нэрвэгдэж буй бүс нутаг нь Азийн зүүн өмнөд хэсэг (28 хувь), Номхон далайн баруун хэсэг (27 хувь) юм. Газар дундын тэнгисийн зүүн хэсгээр нийт нас баралтын 22 хувь нь агаарын бохирдолтой холбоотой, Европ тивд энэ үзүүлэлт 15 хувьтай байна. Жил бүр долоон сая хүн агаарын бохирдлоос, 3.5 сая хүн ундны усны хомсдол, эрүүл ахуйн доголдлоос болж хорвоог орхиж байгаагэсэн тоо бий.
1995 оноос хойш 600 гаруй мянган хүн цаг агаарын өөрчлөлттэй холбоотой гамшгийн улмаас амь насаа алдсан бол, 4.1 сая хүн гэмтэж, бэртэж, орон гэрээ алдаж, яаралтай тусламж авах шаардлагатай болжээ. Эрүүл мэндэд учрах аюулыг хамгийн их нэмэгдүүлж байгаа хүчин зүйл нь цаг агаарын өөрчлөлт болж байгаа аж. 2030-2050 онд дээрх шалтгаан дээр нэмэгдэн хоол хүнсний дутагдал, хумхаа, гэдэс гүйлгэх, дулаарлын улмаас үүссэн ядаргааны улмаас жил бүр 250 мянган үхэл нэмэгдэж болзошгүй.
Эрүүл хүрээлэн буй орчинд хөрөнгө оруулах нь олон ашиг тус авчирна хэмээн НҮБ үзэж байна. Озоны давхаргыг гэмтээж буй 100 гаруй бодисыг устгаснаар арьсны хорт хавдрыг хоёр саяар, хараа муудах өвчнийг мэдэгдэхүйцээр багасгаж, бензин шатахуун дахь тугалгыг байхгүй болгосноор цаг бусын үхлийг нэг саяар бууруулах боломжтой. Яндангийн утаа, метан хий зэрэг агаар бохирдуулагч хийг багасгаснаар жил бүр 2.4 сая хүний амийг аварч болох ажээ.
• Дэлхийн хүн амын 92 хувь нь цэвэр агаараар амьсгалж чадахгүй байна
• Агаарын бохирдол нь дэлхийн эдийн засагт жил бүр 5 их наяд долларыг халамжийн зардалд гаргахад хүрдэг