“Хөх сувд-2019” мөсний баяр Хөвсгөл аймгийн, Хатгал тосгоны Хүй толгойд өнөөдөр эхэлж байна. "Хөх сувдын орон" хэмээх энэхүү баярыг 2000 онд анх зохион байгуулж ирсэн бөгөөд тасралтгүй 20 дахь жилдээ зохион явуулж байгаа юм.
Мөсний баярыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулж байгаа бөгөөд Мөсний баярыг зохион байгуулах комиссоос оролцогчдод хандан санамж гаргажээ.
Санамжинд, Ил задгай газар хог хаяхгүй байх, бие засахгүй байх, ил задгай газар нус цэрээ хаяхгүй байх зэрэг багтсан байна. Дээрх санамжуудыг зөрчсөн тохиолдолт Зөрчлийн тухай хуульд заасанчлан хариуцлага ногдуулах аж.
Мөн Хөвсгөл нуурыг бохирдохоос сэргийлэх зорилгоор энэ жил бүх автомашинуудыг хуурай газарт байршуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөсний баярт ирж байгаа жижиг автомашин 10 мянга, 8-14 хүнтэй суудлын автомашин 15 мянга, автобус 20 мянган төгрөгийн хураамж төлөх юм. Хураамж өгсөн иргэн бүрт Хөвсгөл нуурын зураг бүхий наалддаг сувинер, мөсний баярын хөтөлбөр өгөх аж.
Мөсний баярыг зорин ирж байгаа иргэд аюулгүй байдлаа ханган тусгай заасан тэмдэг, маршрутаар зорчих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, мөсний баярыг зохион байгуулах комиссын дарга Ц.Баттогтох анхаарууллаа.
"Хөх сувдын орон-2019" мөсний баярын хөтөлбөртэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.