Өнөөдөр байнгын хороод, УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр сайдын албан тушаалаас нь чөлөөлөх болон гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхээр товложээ.
БОХХАА-н Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн 60 хувийн саналаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргалаа.
ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх үндэслэлээр сайдын албан тушаалаас нь огцруулах улс төрийн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрөгч долоо хоногт гаргасан билээ.
Мөн Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн байгаа билээ. Прокурорын байгууллагаас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг 48 цагийн дотор шийдвэрлэх журамтай юм. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр прокурорын хүсэлтийн ирсэн даруй хуралдаж гишүүддээ асуудлыг танилцуулсан юм.
Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн хүсэлтэд "Б.Батзоригийг яллагдагчаар татах нөхцөл байдал бий болсон учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлж өгнө үү” гэсэн байна.
Үдээс хойш намын бүлэг дахин хуралдаж Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна.