“Бээжин-2022” өвлийн XXIV олимпын наадам албан ёсоор нээлтээ хийлээ.
Энэ удаагийн олимпод 91 орны 2,871 тамирчин спортын үндсэн долоон төрөлд 109 багц медалийн төлөө 16 хоногийн турш өрсөлдөх юм.
Оролцох тамирчдын тоо өмнөх хоёр олимпыг гүйцэхгүй ч нийт тамирчдын 44.9 хувь нь эмэгтэй тамирчид байгаа нь хүйсийн харьцаа хамгийн ойртож ирсэн өвлийн олимп болж байна.
ОУОХ-ноос эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх үүднээс долоон шинэ төрлийг Бээжингийн олимпын хөтөлбөрт оруулаад буй. Тухайлбал, фристайлын эрэгтэй, эмэгтэй big air төрөл, бобслейн эмэгтэй ганцаарчилсан төрөл болон трамплин, сноуборд, шорт трек, фристайлын aerials төрөлд холимог багийн тэмцээнийг оруулсан юм хэмээн МҮОХ-ноос мэдээллээ.
Монгол Улсаас энэ удаагийн олимпод цанын төрлөөр хоёр тамирчин оролцож байна.
Манай улсын баг тамирчид олимпын нээлтэд үндэсний дээл хувцастай оролцлоо. Уг хувцсыг үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компанийн хамт олон урласан юм.