Кувейтийн Эмир буюу тус улсын удирдагч Шейх Сабах аль-Ахмед аль-Сабах өнгөрсөн мягмар гаригт, 91 насандаа таалал төгслөө гэж Кувейтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
Түүний залгамжлагчаар 83 настай төрсөн дүү, угсаа залгамжлах хунтайж Шейх Наваф аль-Ахмедийг кабинет нэрлэжээ.
Өнгөрсөн долдугаар сард Шейх Сабах тодорхойгүй өвчний улмаас мэс засал хийлгэснийхээ дараа АНУ-д эмчлүүлэхээр нислэг үйлдэж байжээ.
Тэрээр 2006 оноос хойш газрын тосоор баялаг Персийн булангийн Араб улсыг удирдаж байсан бөгөөд 50 гаруй жилийн турш тус улсын гадаад бодлогыг удирдаж байсан юм. Түүнийг 1990-1991 оны Персийн булангийн дайны үеэр Иракийг дэмжиж байсан улсуудтай харилцаагаа сэргээхэд хүчин чармайлт гаргасны төлөө "Арабын дипломат ажиллагааны декан" хэмээн нэрийдсэн байдаг.
Шейх Сабах бүс нутгийн маргаан, түүний дотор Саудын Араб, түүний холбоотнууд болон Катар улсын хооронд өрнөж буй дипломат зөрчилдөөнд зуучлагчийн чухал үүрэг гүйцэтгэдэг байв.
Мөн тэрээр Сирийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцохоос татгалзаж, оронд нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хандивлагчдын бага хурлыг хэд хэдэн удаа зохион байгуулж байжээ.
Иорданы хаан II Абдулла твиттертээ, “Өнөөдөр бид Арабын эв нэгдлийн төлөө хүчин чармайлтаа үл хайрладаг том ах, ухаалаг, хайрт удирдагчаа алдлаа" хэмээн бичжээ.
Абу-Дабигийн угсаа залгамжлах ханхүү, Арабын Нэгдсэн Эмират Улсын де-факто захирагч Шейх Мохаммед бин Зайед Аль Нахаян твиттертээ "Шейх Сабах мэргэн ухаан, хүлээцтэй байдал, энх тайвныг илэрхийлэгч байсан бөгөөд тэрээр Персийн булангийн хамтын ажиллагааны агуу анхдагч байсан" хэмээсэн бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес эмирийг "Мэргэн ухаан, өгөөмөр байдлын ер бусын бэлгэдэл, энх тайвны элч, гүүр баригч" гэж нэрлэжээ.
Кувейт улс нь газрын тосоор баялаг, бага газар нутагтай, эмзэг барууны хамгаалтаас хамааралтай холбоотон улс байсаар ирсэн. Их Британи улс хоёр удаа тус улс руу хөрш зэргэлдээ Иракаас хамгаалахын тулд цэргээ илгээж байсан бөгөөд анх 1961 онд, дараа нь 1991 онд Саддам Хуссейны хүчийг хөөх АНУ-ын удирдсан цөлийн шуурганы томоохон кампанит ажлын хүрээнд илгээж байжээ.
Олон жилийн турш оршин тогтнож ирсэн Аль-Сабах удмынхан Кувэйт улсын хамгийн том албан тушаалыг эзэгнэдэг бөгөөд сонгогдсон гишүүд болон Засгийн газрын сайд нартай хариуцлага тооцох боломжтой хэмжээнд төрийн зохицуулалт хийгдсэн байдаг байна.
Эрх баригч гэр бүл эмэгтэйчүүдийг сонгууль өгөх, улс төрийн албан тушаал хаших боломжийг эсэргүүцэж консерватив шашны үзэл бодлыг баримталдаг байсан юм.
Сүүлийн жилүүдэд Кувейт улсыг бүс нутгийн тайван, зуучлагч хүч гэж үзэж байгаа бөгөөд талийгаач Эмирийн олон арван жилийн турш Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан туршлага нь үүнд нөлөөлж байжээ.
Б.Лхамаа