Эр хүн дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг... гэж нэг хэлц үг бий. Тэр үг ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнийг дайрав бололтой. Ер нь нэг иймэрхүү юм хэзээд л болох гээд, дуншаад байсан хэрэг.
Мань хүн Хэнтий аймагт ажиллаж байхдаа "Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломжтой" хэмээн ярьсныг нь МҮОНТВ мэдээллийн хөтөлбөрөөрөө цацаж, тэр нь олон нийтийн сүлжээгээр тарснаар шүүмжлэлийн бай, хэл амны үзүүр болж байна. Гитарьчин Өөжгий хүртэл бичсэн байна лээ. Одоогоор 400 сая жуулчин ярьсан галзуу Шар хадны эмнэлэгт ч бүртгэгдээгүй байна... гээд. Манай улстөрчдийн сонгууль угтсан солиорол, хэм хэмжээнээс хэтэрсэн попрол нь Шар хадны галзуучуудыг ч давлаа гэсэн үг.
Л.Оюун-Эрдэнэ даргын хэлснийг бүрнээр нь үзвэл “Холбогдсон дэд бүтцийн цикль дунд үндсэндээ бидний тооцож байгаагаар 400 орчим САЯ жуулчин ирэх хүчин чадал байна. Монгол туургатантай холбоотой буриад зон, бусад халимаг, тува зэрэг... Мөн худалдааны том, зүүн бүсийн ийм, Улаанбаатар хоттой холбогдох том төслийн гүүр нь энд харагдаж байна” гэжээ. Утгачилбал, Хэнтий аймгийн Чингис Хот, Дадал сумыг 200 км замаар холбож, шинэ гүүртэй болсноор Монгол Улс жилдээ 400 сая жуулчин хүлээж авах юм байна.
Харин одоо манай улсад жилд ирдэг жуулчдын тоо 500 гаруй мянга. /2019 онд 570,262 буюу хамгийн олон жуулчин хүлээн авсан/ Жилдээ сая жуулчин авах тухай зорилт дэвшүүлээд даруй 10 жил болж байгаа улс. Бүр Л.Гансүхийг БОАЖ-ын сайд байхаас дэвссэн яриа. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газруудын энэ мөрөөдлийг хуга мөргөж, 400 дахин нугалсан том зорилт дэвшүүлснээрээ галзуугийн эмнэлэг рүү ачуулахдаа тулаад байгаа нь энэ. Сэвлээ, дэвлээ гэхэд бас баримжаа байж болдог доо.
Тэгвэл Fact Check Mongolia, ikon.mn хамтран Л.Оюун-Эрдэнэ сайдын тооцооллыг /тооцоолохоо ч хат даа/ шалгажээ. 400 сая жуулчин хүлээн авна гэдэг нь жилийн 365 хоногт хуваахад өдөрт 1 сая 95 мянган хүнийг хилээр оруулж, гаргах нь байна.
Өнөөдөр Монгол Улсад ирж байгаа жуулчдын:
-49.3 хувь нь Буянт Ухаа
-9.3 хувь нь Алтанбулаг
-5.3 хувь нь Замын-Үүдийн төмөр замаар
-10.6 хувь нь Замын үдийн авто замаар
-Үлдсэн 4 хувь нь Сүхбаатарын боомтоор нэвтэрсэн мэдээллийг Үндэсний статистикийн хороо өгчээ. Энэ тоо л гэхэд 400 биш, 800 дахин нэмэгдэнэ гэсэн үг.
Энэ онд ашиглалтад орох Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудал гэхэд нэгэн зэрэг найман хөлөгт үйлчилж, цагт 1500 зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Хамгийн дээд хүчин чадлаараа ажиллахад хоногт 36000 хүн хүлээн авч чадна... гэх мэтчилэн тооцоолсон байна. Үүнийг жилийн 65 хоногоор үржүүлээд нөгөө 400 саяын хэдэн хувь болохыг тооцоод үзчихнэ биз.
Уг нь бол Н.Цэрэнбат сайдын хэлснээр Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэчихвэл аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум ам.доллар болчих юм байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулж чадвал гэсэн үг шүү дээ.
Арай холдуулаад нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл 2030 он гэхэд жилдээ 5 сая жуулчин хүлээж авах, харин Л.Оюун-Эрдэнэ сайдын өөрийнх нь боловсруулсан "Алсын хараа-2050" төсөлд 2050 он гэхэд 6 сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан юм байна.
Мөн аялал жуулчлалын салбар нь дэлхийд тэргүүлдэг 10 орон:
- Франц 86.9 сая
- Испани 81.8 сая
- АНУ 76.9 сая
- БНХАУ 60.7 сая
- Итали 58.3 сая
- Мексик 39.3 сая
- Их Британи 37.7 сая
- Турк 37.6 сая
- Герман 37.5 сая
- Тайланд 35.4 сая жуулчинг 2019 онд хүлээж авчээ. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ сайдын галзуурсан нь үнэн бололтой.
Сэтгэгдэл (8)