Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Шинэ коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор үйлчилгээний байгууллагуудад шинэ стандарт барьж ажиллахыг уриалж байна. Өмнө нь бие биенээсээ метрийн зайтай байхыг зөвлөдөг байсан бол одоо энэ зай хоёр метр боллоо. Мөн цэвэрлэгээ, ариутгалыг хоёр цаг тутамд хийж байхыг ДЭМБ-аас зөвлөж байна” гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "2020 оны гуравдугаар сарын 15 -нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 244 хүний шинжилгээ хийгдэж дууссан. Өнөөдөр 153 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд коронавирус илрээгүй. Өчигдөр буюу гуравдугаар сарын 21-нд ХӨСҮТ болон бусад аймагт сэжигтэй тохиолдол илрээгүй сайн мэдээ байна. Харин 90 хүн ажиглалтад орсон мэдээ байна. Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан.
Эмнэлэгт хэвтэж байгаа уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ авсан. Энэ нь бидний дотор байна уу гэдгийг тандаж баталгаажуулах судалгаа. Тэдгээр хүмүүсээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
Бид ирж байгаа онгоцыг хянахаас гадна дотор байгаа эмнэлгүүдээ тандаж хянаж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа. Бидний эмчилгээний тактик зөв байна. Хоёр өвчтөний биеийн байдал хүндэвтэр байсан нь өдөр ирэх тусам сайжирч байгаа сайн мэдээ дуулгаж байна.
Заавал шинж тэмдэг илэрсэн үед нь биш лабораторийн шинжилгээгээр зарим тохиолдлыг баталгаажуулж илрүүлж байгаа гэдгийг та бүхэн мэднэ. Өнөөдөр сайхан мэдээ өгч байгаадаа баяртай байна" гэлээ.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: "Шинээр долоон нутаг дэвсгэрт коронавирус бүртгэгдлээ. Халдварын 70 гаруй хувь нь Европт бүртгэгдэж, 6,000 мянган хүн нас бараад байна.
Европын бүсэд бүртгэгдсэн нийт халдварын 77 хувь нь Испани, Итали, Герман, Франц гэх дөрвөн улсад гарч эрчимтэй нэмэгдэж байна.
Коронавирусийн халдвар нь эв нэгдлийн шалгуур болж буйг ДЭМБ-аас онцолсон" гэв.