Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал энэ сарын 10-12 ны өдрүүдэд нийслэл Нур-Султан хотноо болж өндөрлөлөө. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд 25 жилийн дараа Казахстан Улсад хийсэн айлчлал болов. 25 жилийн өмнө Ерөнхий сайд асан П.Жасрай тус улсыг зорьж байжээ.
Албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд төрийн байгууллагын 40, бизнесийн салбарын 60 орчим төлөөлөл мөн сэтгүүлчид багтсан юм. Энэ үеэр талууд нийт долоон баримт бичиг, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Үүнд:
- ”Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын 1993 оны 10-р сарын 22-ний өдрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай протокол”
- “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”
- "Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол шинжлэх ухаан яам хоорондын 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”
- “Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Боловсрол , соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол шинжлэх ухаан яам хоорондын хэлэлцээр”
- “Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
- “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”
- “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Казахстан Улсын А.И.Бараевын нэрэмжит Үрийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төв хоорондын хэлэлцээр”-т холбогдох албаны хүмүүс тус тус гарын үсэг зурлаа.
ХОЁР УЛСЫН ХУДАЛДАА ЭРГЭЛТИЙГ 130 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХ БОЛОМЖТОЙ
Хоёр улсын нийт худалдааны эргэлт 30 орчим сая ам.доллар байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Өмнө нь хамгийн багадаа $100 сая орчим байсан. Казахстан Улсын хийсэн судалгаагаар хоёр улс худалдааныхаа эргэлтийг 130 сая ам.доллар хүртэл өгсөх боломжтой гэж тооцоолсон байна. Ингэхийн тулд хамгийн багадаа 70 нэр төрлийн бүтээгдэхүүнээр харилцаан худалдаа наймаа хийх боломжтой тухай тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга хэлжээ.
Тэрээр, "Казахстан Улс сүүлийн 20 жилд үсрэнгүй хөгжсөн бөгөөд 2050 он хүртэл хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулаад байгаа. 1990 оноос хойшхи нийт хөрөнгө оруулалтын хэмжээ $25 тэрбум байна. Гадаадын хөрөнгө оруулалт нь байгалийн хий нефть зэрэг байгалийн баялагтай нягт холбоотой. Зөвхөн уул уурхай бус бусад салбарууддаа төсвөө тэнцвэртэй хуваарилж чадсан. Эдийн засгийн хөгжил нь үндсэндээ тогтвортой болсон орон. Тийм ч учраас бид урт хугацаандаа улсынхаа хөгжлийг тодорхойлж Казахстанаас туршлага судлах хэрэгтэй" гэсэн байна.
УЛААНБААТАР-АЛМАТА ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ХИЙХИЙГ КАЗАХСТАНЫ ТАЛ ДЭМЖЖЭЭ
Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Батцэцэг "Энэ айлчлалаас бодлогын түвшний хэд хэдэн шийдвэр гарсан. Хоёр улсын Ерөнхий сайд нар харилцааныхаа түвшинг шинэ шатанд гаргая гэдэгт аль аль нь голлож ярьсан. Бид хамтын ажиллагааныхаа түвшинг шинэ шатанд гаргахын тулд хэрхэн хамтарч ажиллах шаардлагатай байна вэ гэдэг зураглалаа тодорхой болгосон. Тухайлбал, барилгын салбарт хамтарч ажиллах бүрэн боломж байна. "Шинэ хот байгуулсан туршлага, хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлээр хамтарч ажиллах туршлага, боловсон хүчний дэмжлэг үзүүлэх боломжтой” гэдгийг А.У.Мамин Ерөнхий сайд тодотгосон.
Мөн “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсэд Казахстаны талаас логистикийн төв байгуулах боломжтой гэдгийг хэллээ. Монгол Улсын хувьд мах, махан бүтээгдэхүүн, мал аж ахуй, хөдөө, аж ахуй чиглэлийн бизнес хамтарч хийх саналтай байгаагаа Ерөнхий сайд уламжилсан. Хоёр улсын хамтарсан үйлдвэрүүдийг байгуулснаар бид мах, махан бүтээгдэхүүнээ Исламын орнууд руу гаргах боломж бүрдэнэ. Ойрхи дорнод, Исламын орнууд манайхаас Эгийн бүс нутгаар дамжуулж мах худалдан авах сонирхол өндөр байдаг. Үүнийг Какахстаны тал мөн дэмжиж ажиллахаа мэдэгдсэн" гэв.
Мөн Улаанбаатар-Алмата чиглэлд шууд нислэг хийх хүсэлтэй байгааг Казахстаны тал дэмжсэн. Энэ нислэгүүд бий болсноор манай хоёр орны иргэд, бизнес эрхлэгчид жуулчид шууд зорчих нөхцөл бүрдэж, хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимжихэд зохих хувь нэмэр оруулна гэж хоёр тал үзсэн байна.
АХ ДҮҮГИЙН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦАА ТОГТООСНООР ТОГТМОЛ ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ БОЛЖ БАЙНА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Казахстаны Нур-Султан, Монголын нийслэл Улаанбаатар хотууд албан ёсоор ах дүү хотын харилцаатай боллоо. Энэ хүрээнд нийтийн аж ахуй, ногоон байгууламж, хот төлөвлөлтийн асуудалд хамтарч ажиллах том хэлэлцээрт үсэг зурсан. Уг ажлуудыг бодитой хэрэгжүүлэх боломж бүрдлээ.
Хоёр хотын хувьд ижил төстэй боломжууд их байна, цаг агаарын хувьд ч адил уур амьсгалтай. Мод зүлэг, бут сөөг, ногоон байгууламжаас эхлээд хотыг яаж төлөвлөдөг юм, хурдан хугацаанд хэрхэн хөгжүүлдэг юм гэдгийн тод жишээг Казахстаны туршлагаас харж болно. Нур-Султан хотын төлөвлөлтийг мэргэжлийн гадаадын эксперт, архитектор, инженерүүд хийсэн бол бодлогын хэрэгжилтэд мөн гадаадын зөвлөх, хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс ажилласан. Ингэж богино хугацаанд Нур-Султан хотыг дэлхий хэмжээний томоохон нийслэл болгожээ.
Хоёр улсын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосноор тогтмол хамтын ажиллагаатай болж байгаа юм. Энэ хэрээр манай улс туршлага судалж, хамтарч ажиллана. Казахстан Улс манайд хамгийн хүндрэлтэй асуудал болох хот төлөвлөлт, газар зохион байгуулалтаа маш сайн хийжээ. Мөн тэд хүйтэн газарт дулаан алдагдалгүй, хямд өртөгтэй, чанартай барилгыг хурдан барьдаг технологи ашиглаж байна. Үүнийг Монголд нэвтрүүлэх боломж, нөхцөл бүрдлээ” гэв.
ЕРӨНХИЙЛӨГЧ НАЗАРБАЕВИЙГ МОНГОЛД ДАХИН АЙЛЧЛАХЫГ УРИВ
Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Казахстаны Анхны Ерөнхийлөгч Н.А.Назарбаевт бараалхаж Монголд дахин айлчлахыг урьсан байна. Мөн тус улсын Ерөнхий сайд А.У.Мамин манай улсад ирэх оны дөрөв, тавдугаар сарын үеэр айлчлахаа хэлсэн байна.