Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн 35 асуудлын нэг нь хаврын морин уралдаан байв.
Олон нийтийг хоёр талцуулсан эл асуудлаар Засгийн газар шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, хаврын морин уралдааныг гуравдугаар сарын 1-нээс хойш зохион байгуулахаар болов. Ингэхдээ хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг тухайн аймаг, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гаргах эрхийг нь өгчээ. Хаврын уралдааны хурдан морь унах хүүхэд 12-оос дээш насныхан байна. Аюулгүй байдал хувцас хэрэглээр бүрэн хангасан байх ёстойг тусгалаа.
Шадар сайд С.Амарсайхан “Хот, хөдөөгийн тэнцвэргүй хөгжлийн арилгаж, тэнцвэртэй өсөлтийг бий болгохоор шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймаг, орон нутгийн удирдлагуудад бүс, орон нутгаа хөгжүүлэхэд шаардлагатай шийдвэрүүдийг гаргахад эрх, үүргийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв. Спорт, соёлын үйл ажиллагааг зохион байгуулах бүх эрхийг аймаг, орон нутагт шилжүүллээ. Ингэснээр хурдан морины уралдаан зэрэг бүх үйл ажиллагааг аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэж, зохион байгуулна. Хяналт ч илүү сайжирна гэж үзсэн.
Хүүхдийн эрхийг хамгаалах бүх төрлийн хууль, зөвлөмжүүдийг ном журмаар нь мөрдөх асуудлууд дээр төрийн бус болон хүүхдийн эрх хамгаалах байгууллагууд нь хариуцна. Дүрэм, журам хууль зөрчих ямар ч асуудал байж болохгүй. Ингэхгүй бол Засгийн газар нэг шийдвэр гаргадаг. Орон нутагт хэрэгжилтийг бүрэн хангадаггүй. Эргээд уялдаа холбоо байхгүйгээс үүдэн эзэнтэй, эзэгнгүй арга хэмжээ их болдог учраас тэр хүрээндээ асуудлууд шийдэгдэнэ” гэлээ.