Мөхлийн өдрийн цагийн зүүг “сүйрэл болох шөнө дундыг заахад” нэг секундээр урагшлуулж ойртуулсан тухай "Bulletin of the Atomic Scientists" сэтгүүлийн шинжлэх ухаан, аюулгүй байдлын зөвлөлийн дарга Дэниел Холц мэдэгджээ.
Цөмийн сүйрлийг бэлгэддэг уг цагийн зүү одоо “сүйрэл болох шөнө дундыг заахад” 89 секунд дутуу байгааг харуулж байна. 2023 онд цагийн зүүг Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан 10 секундээр урагшлуулсан бол өнгөрсөн онд хөдөлгөхгүй байхаар шийдвэрлэсэн юм.
Харин энэ онд "цөмийн гүрнүүд зэвсгийн нөөцөө нэмэгдүүлсэн, түүнчлэн зэвсэглэлд хяналт тавих тухай гэрээнүүд хүчингүй болж, цөмийн гүрнүүд оролцсон мөргөлдөөнүүд үргэлжилж буй" зэрэг нь цагийн зүүг хөдөлгөх шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж Д.Холц мэдэгджээ. Тэрбээр мөн "уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлт хангалтгүй", дэвшилтэт технологийн салбарт хяналт дутмаг байгааг дурдсан байна.
Шүүлтийн өдрийн цагийг бий болгосноос хойш 70 гаруй жилийн хугацаанд 20 гаруй удаа зүүг нь хөдөлгөж байжээ. Хүйтэн дайн дууссаны дараа 1991 онд цагийн зүүг 17 минутаар ухрааж байв.
“Bulletin of the Atomic Scientists” сэтгүүлийг 1940-өөд оны эхээр цөмийн зэвсэг бүтээх "Манхэттен" төсөлд оролцож байсан эрдэмтэд үүсгэн байгуулжээ. Японд хаясан атомын бөмбөгийн хор уршгийг ухаарсан тэд дайны эсрэг, энх тайвны төлөө тэмцэгчид болжээ. Уг сэтгүүлийг 1945 оноос хойш Чикагогийн их сургуульд хэвлэж байна.